Шууд Chart

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: Монгол телевизийн анхны Ерөнхий инженер

2023-09-14 13:10:34

Монгол оронд "Телевиз" хэмээх их айлыг хөл дээр нь босгох, хөгжүүлэх гэж чин сэтгэлээсээ хичээн чармайж ажиллаж байсан хүний нэг нь С.Дорж инженер юм.

Монгол телевизийн анхны Ерөнхий инженер энэ хүн телевизийн техник ашиглалтын өдөр тутмын ажлыг удирдан зохицуулах үнэхээр төвөгтэй ажлынхаа хажуугаар Теле кино үйлдвэрийг бариулах, нэвтрүүлэгт бичлэг, эвлүүлэг хийх дүрс бичлэгийн найдвартай хальсаар хангах, телевизийн явуулын станцаар шууд нэвтрүүлэг хийх газар бүрт техникийн нөхцөлийг хангуулах, радио, телевизийн нэгдсэн төвийн барилгын зураг төслийг гаргуулах, шинэ техник тоног төхөөрөмж оруулж ирэх зэрэг телевизийн түүхэнд томоор бичигдэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, дамжуулах технологийг нэвтрүүлэх, шинэчлэх, техникийн боловсон хүчнийг бэлтгэхэд энэ хүний гүйцэтгэсэн үүргийг үнэлж баршгүй юм.

С.Дорж инженер өөрийн дурсамжиндаа “Монгол телевиз 1967 оны 9-р сарын 27-нд ашиглалтад ороход уран бүтээлчид, инженер техникчид болон энд анх ажиллаж байсан хамт олны идэвх тэмүүлэл ихийг хийе бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл оргилуун дарс мэт байлаа. Анхны үед телевиз техникийн хувьд зөвхөн цагаан мэдээ шууд унших, кино гаргах, болж байгаа үйл явдлыг шууд дамжуулах байдлаар шууд нэвтрүүлгийг явуулж байсан. Эхний үед гар ажиллагаатай кино лабораторийг түр байгуулах, кино фондын агуулах барих, дуу хөгжмийн фондтой болох ажлыг бид шууд эхэлсэн. Теле кино үйлдвэр байгуулахаар зураг төслийг ЗХУ-д хийлгэн хөрөнгө мөнгийг шийдүүлж барилга угсралтын ажлыг ЗХУ-ын барилгачид хийж, 1972 оны 12 дугаар сард ашиглалтад өгснөөр нэвтрүүлэгт өөрчлөлт гарч билээ. Теле кино үйлдвэрийг бариулах захиалагчийн бие төлөөлөгчөөр миний бие томилогдон ажилласан юм. Үйлдвэр нь жилд 90 цагийн кино материал бэлтгэх хүчин чадалтай байв. Телевиз ашиглалтад оронгуут л инжене,  техникийн ба уран бүтээлчдийн дунд техник ашиглалт, студийн журам, техник аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулж шүүлэг авч техник ашиглах эрх олгодог байлаа. Үүний тулд дүрэм журмыг орчуулах, заримыг нь шинээр зохиодог байлаа. Манай техникийн хэтийн бодлого боловсон хүчний бодлого хоёр ямагт уялдаатай явснаас аль ч шинэ техник ашиглалтад авахад хэзээ ч боловсон хүчнээр гачигдсан удаагүй. 1981 оноос 100 хувь үндэсний боловсон хүчний хангалттай болж чадсан юм. Энэ үеэс радио, телевизийн нэгдсэн төвийн барилгатай болох ажлыг өөрийн биеэр хөөцөлдөж зураг төслийг бэлэн болгуулж авсан юм. Ю.Цэдэнбал, С.Жалан-Аажав нар өөрсдийн биеэр энэ асуудалд оролцож уг барилга байгууламжийг 1981 оноос хуучин телевизийн зүүн талд барих болсон нь өнөөдрийн МҮОНРТ-ийн төв байр юм шүү” гэжээ.

Намайг МРТУХорооны нэр дээр таван жил гадаад оронд суралцаж төгсөөд, 1980 оны 8-р сарын эхээр Монгол телевизэд ажиллахаар ирэхэд анх угтаж авсан хүн бол энэхүү С.Дорж инженер байлаа.

Тэр үед Монгол телевизийн техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Анх харахад их л сүрдмээр ширүүн хүн шиг харагдаж байсан боловч нилээн олон жил дарга, цэрэг болж хамтран ажиллахад үнэхээр уян зөөлөн, сайхан сэтгэлтэй, ажилсаг нямбай хүн байсан юм.

С.Дорж инженер хэсэг хугацаанд Монгол телевизээс гараад радио релейний шугам сүлжээний газар ажилласан. Тухайн үед Б.Ганбаатар гуай хяналт маркетингийн албаны даргаар би Ерөнхий инженерээр ажиллаж байлаа. Нэг өдөр Ганбаа дарга дуудаад Дорж инженер телевиздээ ирье гээд байгаа, чи нэг уулзаач гэсэн. Тэгээд телевиздээ хөдөлмөр хамгааллын инженерээр орж хэсэг ажиллаад дараа нь хяналт маркетингийн албанд олон жил үргэлжлүүлэн ажилласан.

Тэр үед нь би Ерөнхий инженерийн ажлаа өгөөд Хяналт маркетингийн албанд очсон учир бид хоёр нэг өрөөнд хоёр жил гаруй зэрэгцэн сууж ажилласан.

Улаанбаатар хот болон улс орон даяар цацагдаж байгаа радио, телевизийн нэвтрүүлгийн чанарыг хянаж сайжруулах, өөрөөр хэлбэл, маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарж хийдэг нэвтрүүлэг, бүтээлүүдийг хэрэглэгчдэд чанартай, хүртээмжтэй хүргэх ажилд тун ч идэвх зүтгэлтэй ажиллаж байсан.

Мөн радио, телевизийн нэвтрүүлгийг дахин дамжуулах станцуудын ажиллагаанд тогтмол хяналт шалгалт хийж, эрчим хүчний саатал болон бусад эвдрэл гэмтлийн улмаас ажиллаагүй цагийн тооцоог нэг бүрчлэн гаргаж санхүүд өгснөөр олон сая төгрөгийн хэмнэлт гаргадаг байсан даа.

С.Дорж инженер аливаад нухацтай ханддаг, ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, эрхэлсэн ажил бүртээ эзэн нь байж чаддаг, үнэхээр үлгэр дууриал болсон хүн байсан юм.

Ахмад инженер Ч.Цагаан


ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: Монгол телевизийн анхны Ерөнхий инженер  
Үзсэн: 2722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй