
Шенгений бүсийн орнууд анх холбоо байгуулахдаа гишүүн улсуудынх нь иргэд улс хоорондоо ямар ч хязгаарлалт, шалгалтгүйгээр зорчиж, хил хязгаарын чөлөөт байдлыг бий болгох гэрээг байгуулж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа цагаач дүрвэгсдийн асуудал, дүрвэгчдийг хууль бусаар Шенгений бүсийн хил нэвтрүүлэх, түүнээс үүдэлтэй өсөн нэмэгдэх гэмт хэргүүдийн улмаас гишүүн орнууд хилийн хянан шалгах ажиллагааг эгэн сэргээж эхэлсэн. Яг энэ шилжих хөдөлгөөний асуудалтай холбоотой Шенгенд Болгар, Румын улсуудыг элсүүлэх асуудал мөн хойшлогдсон хэвээр байгаа юм. Түүнчлэн Шенгений орнууд хилийн хяналт шалгалтаа сэргээж байгаа нь улсуудын сонгуулийн улирал эхэлсэнтэй холбоотой гэж олон улсын зарим ажиглагчид үзэж байгаа юм байна.
Герман улс хууль бус шилжих хөдөлгөөн, хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд “гэрлэн дохио” нэртэй хилийн хяналт шалгалтын хороо байгуулж, хөрш зэргэлдээ Польш, Чех улсуудтай хамтарч хилийн хяналтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Словень улс мөн Хорват улстай хиллэдэг хэсгээрээ хууль бус шилжилт хөдөлгөөнийг илрүүлэх ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн нэг жилийн турш Словень улсын төрийн эрхийг барьж байгаа нам энэ жилийн сонгуульд олон нийтийн санал асуулгаар үнэлгээ муутай байгаа тул хилийн чангатгах бодлого баримталснаар үнэлгээгээ өсгөнө гэж харж байгаа юм байна. Словак улсад мөн саяхны сонгуулиар ялалт байгуулсан эрх баригч нам Унгар улстай хиллэдэг хэсгээрээ хилийн хянан шалгалт явуулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. Польш улсын эрх баригч нам мөн энэ долоо хоногт болсон Парламентын сонгуулиар эрх мэдлээ нэлээд хэмжээгээр алдах нь тодорхой болоод байгаа, гэхдээ парламентын танхимд нөлөөллөө хэвээр нь хадгалахын тулд Словак улстай хамтарсан хилийн чангатгасан бодлого баримтлахыг тууштай дэмжинэ гэж ажиглагчид таамаглаж байна. Шенгений төв болон зүүн бүсийн орнууд ийм дүр зурагтай байгаа бол хойд хэсгийн Дань, Швед улсууд мөн хилийн чангатгах бодлого баримтлахаар болсноо мэдэгдсэн байна.
Энэ онд эдгээр улсуудад Коран судрыг шатаасан, үзэх ядах гэмт хэрэг дэлгэрсэн, жагсаал хөдөлгөөн ихээр өрнөсөнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа юм байна. Коран судрын хэрэг одоо ч үргэлжилсээр байгаагийн нэг илрэл нь өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюссель хотод гарсан террорист халдлага юм. Энэ халдлагаар Шведийн хоёр иргэн амь насаа алдсан. Мөн Израил-Хамасын дайнтай холбоотой нийгмийн тогтворгүй байдал, шилжин ирэгсдийн урсгал, жагсаал цуглааныг намжаахын тулд Итали улс Словень улстай хамтарч мөн хилийн бодлого хэрэгжүүлэхээр болсон байна. Тэгвэл Балканы хойгийн хоёр орон болох Болгар, Румын улсууд арав гаруй жилийн өмнөөс Шенгенд элсэх өргөдлөө өгсөөр байгаа ч одоо хэрнэ зарим гишүүн орон эсэргүүцсээр байгаагийн шалтгаан нь энэ шилжих хөдөлгөөний асуудал юм. Хоёр улсын хувьд Шенгений бүсийн шаарддаг төрийн авлигатай тэмцэх байдал, хууль эрхзүйн тогтолцооны шинэчлэлтээрээ шаардлага хангасан үзүүлэлттэй. Гэвч энэ хоёр улс нь Зүүн Европ болон Төв Азиас орж ирэх шилжих хөдөлгөөний урсгалыг яг зааг хил дээр нь байдаг улсууд гэдэг утгаараа Австри улс гэхэд гишүүнээр элсэхийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрвээ энэ хоёр улс Шенгенд элсчихвэл гаднаас орж ирэх шилжилт хөдөлгөөн огцом нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм байна.
Шенгений бүсэд шилжих хөдөлгөөн тулгамдсан асуудал болж байна | ||
Үзсэн: 2257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.