
БНХАУ болон АНУ-ын албан тушаалтнууд ирэх долоо хоногт Вашингтонд уулзаж, цөмийн зэвсгийн зохицуулгын талаар хэлэлцэнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Хятадын талаас Гадаад хэргийн яамны Зэвсэглэлийг зохицуулах хэлтсийн албан тушаалтан оролцоно гэж мэдэгдэж байна.
Хоёр улс цөмийн зэсвгийн асуудлаар уулзаж хэлэлцэх гэж байгаа нь Барак Обамагийн Засгийн газраас хойш анх удаагийнх юм гэж дэлхийн томоохон хэвлэлүүдээр бичиж байна.
Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн ОХУ цөмийн зэвсэг туршихыг хориглосон олон улсын гэрээнээс гарах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж баталгаажууллаа гэж мэдээлсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн сард гаргасан цөмийн зэвсгийн тайландаа Хятад улсыг 500 гаруй цөмийн технологи бүхий байлдааны хөлөгтэй гэж дурдсан байна.
Мөн Хятадын цөмийн технологи урьд төсөөлж байснаас эрчимтэй нэмэгдэж байна гэж дурджээ.
Харин Бээжингийн зүгээс энэ тайланг онцгойлон өлгөж авч, гаргасан тоо хэмжээ нь “Хятадын аюул” гэж олон улсад гаргасан ухуулгын нэг хэсэг гэж шүүмжилсэн байна.
Хоёр улс аль аль нь цөмийн зэвсгийн тал дээр тогтворгүй харилцаатай байгаа тул АНУ-ын зүгээс Хятадыг цөмийн зэвсгийн асуудлаар ярьж хэлэлцэхээр урьсан нь энэ юм байна.
Гэхдээ энэ уулзалт нь хоёр тал цөмийн зэвсгийн тоо хэмжээндээ хязгаар тогтоох албан ёсны хэлэлцээрт хүрнэ гэсэн үг биш гэж АНУ-ын хэвлэлүүдэд онцолжээ.
Харин энэ уулзалтаар дамжуулж Хятадын цөмийн зэвсгийн одоогийн статус, бодит хэмжээг тандах гэсэн агуулгатай гэж мөн зарим ажиглагчид үзэж байна.
Тэгвэл пүрэв гарагт ОХУ-ын Төрийн дум болон Холбооны зөвлөлөөс баталсан цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай олон улсын гэрээнээс гарах хуулийн төсөлд Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа гэж Кремлийн зүгээс мэдээллээ.
ОХУ энэ гэрээг 2000 онд албан ёсоор соёрхон баталж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд ОХУ-ын зүгээс энэ гэрээнд цөмийн технологиор дэлхийд тэргүүлэгч АНУ гарын үсэг зурсан ч соёрхон батлаагүй гэдэг үндэслэлээр цөмийн зэвсгийн статусаа ижил түвшинд аваачна гэж амлах болсон.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Владимир Путин энэ гэрээнээс гарах тухай санал дэвшүүлсэн нь өнгөрсөн хугацаанд ОХУ-ын Парламентын дээд, доод танхимаас дэмжигдэж, өчигдөр албан ёсоор баталгаажсан байна.
Түүнчлэн Кремлийн зүгээс албан мэдэгдлийнхээ хүрээнд АНУ тив алгасагч баллистик пуужин турших гэж байгаа талаараа мэдэгдсэн, ОХУ мөн ижил алхам хийх болно гэсэн байр суурийг илэрхийллээ.
Цаашдаа ОХУ цөмийн туршилт явуулах нь тодорхой болж, олон улсын зүгээс цөмийн зэвсгийг бүрэн хориглох гэрээ хэр үр нөлөөтэй вэ гэж эргэлзэхэд хүрч байна гэж ажиглагчид дүгнэж байна.
БНХАУ АНУ-тай цөмийн зэвсгийн зохицуулгын талаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.