
Энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт Их Британийн Лондон хотноо хиймэл оюуны аюулгүй байдлын олон улсын анхдугаар хурал болж өндөрлөлөө.
Хурлаар одоо эрчимтэй хөгжиж байгаа хиймэл оюун хүн төрөлхтөнд ямар эрсдэл дагуулж болох талаар, үүнд олон улсын зүгээс ямар зохицуулга хийж болох талаар хэлэлцсэн.
Энэ удаагийн хурлыг зохион байгуулагч орны Ерөнхий сайд Риши Сунак хиймэл оюун нь ажлын талбар дээр хүнийг орлох боломжтой ч дэлхийн боловсролын систем өөрчлөгдөж, хөгжил дэвшилд хүрч чадвал хиймэл оюунтай өрсөлдөхүйц боловсон хүчнийг хангалттай бэлтгэж чадна гэсэн үзэл санааг илэрхийлсэн байна.
Хиймэл оюун, тэр дундаа хүн дүрст роботууд, нүүр царай, дуу хоолой дуурайгч технологиуд өдөр, хоногоор хөгжиж байна. Нэн ялангуяа хиймэл оюун нь хүний оролцоо багатайгаар өөрийгөө ямагт хөгжүүлсээр байдаг онцлогтой тул ирээдүйд үүсэх эрсдэл өндөр гэж шинжээчид үздэг.
АНУ-д л гэхэд өнгөрсөн хавраас хойш үргэлжилж байгаа Холливудын оддын ажил хаялтыг онцолж болох юм. Хиймэл оюун ухаан жүжигчдийг дэлгэцэнд орлох аюул нүүрлэлээ, жүжигчид ажлаа алдаж байна гэх үндэслэлээр жагсаж байгаа. Өөр олон төрлийн ажлыг хиймэл оюун дангаараа гүйцэтгэдэг болно гэсэн айдас дэлхий дахинд байна.
Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хүн капиталын үнэ цэнийг бууруулахгүйн тулд боловсролын системийг шинэчлэх шаардлагатайг дурдлаа.
Нэн ялангуяа улсуудын Засгийн газраас хиймэл оюунтай зэрэгцэх боловсон хүчин бэлтгэхэд бодлогоор дэмжиж өгөх ёстой гэж зөвлөж байгаа юм.
Мөн хиймэл оюуныг бидний ажлыг булаагч биш, харин хамтран зүтгэгч, туслагч гэж харах хэрэгтэй гэж дурдсан байна.
Түүнчлэн хиймэл оюун ухаан нь эдийн засагт урт хугацаандаа өгөөжтэй тул зөв зохицуулгатай хөгжүүлэх нь зөв гэж үзсэн байна.
Риши Сунакийн Засгийн газар ойрын хугацаанд Их Британийн боловсролын системд шинэчлэл хийж, техникийн сургалт, насанд хүрэгчдийн боловсрол зэрэгт онцгойлон анхаарч, олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн.
Түүнээс гадна хиймэл оюуны анхдугаар хуралд оролцсон дэлхийн томоохон технологийн компаниудын удирдлагууд шинээр хиймэл оюун хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхээсээ өмнө улсынхаа Засгийн газарт эхэлж шалгуулдаг байх зөвшилцөлд хүрсэн байна.
Энэ гэрээнд Европын холбоо, АНУ, Их Британи, Сингапур, Канад болон өөр бусад арван орны төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Хуралдаанд оролцсон Хятад улсын төлөөлөгч харин гарын үсэг зурсангүй.
Хурлыг зохион байгуулагчийн зүгээс Засгийн газрын хяналт шалгалт нь бие даасан, ашгийн бус шинжтэй байна гэдгийг тодрууллаа. Тус хурал дээр мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис оролцож, АНУ Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын институттай болсноо зарласан.
Хуралдаанд оролцогч зарим орны зүгээс Их Британийг Хятад улсыг хуралд урьсанд төдийлөн тааламжгүй байгаагаа илэрхийлж байсан.
Хятад улс хиймэл оюун ухаан хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг ч зарим технологи нь барууны орнуудад эрсдэл учруулж байдаг гэдэг утгаараа сөрөг байр суурьтай байсан юм.
Харин Риши Сунакийн зүгээс Хятад улсыг урьсан нь зөв гэдэг байр сууриа хамгаалж, олон улсын хиймэл оюуны анхдугаар хуралд энэ салбарт тэргүүлэгч орны төлөөллийг урихгүй байх нь утгагүй хэрэг гэж мэдэгдсэн байна.
Риши Сунак: Хиймэл оюунтай өрсөлдөхийн тулд боловсролын салбарт шинэчлэл хэрэгтэй | ||
Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.