Шууд Chart

Уур амьсгалын эрсдэлийн санг ирэх дөрвөн жилд дэлхийн банк санхүүжүүлнэ

2023-11-06 14:52:25

Өнгөрөгч долоо хоногт 2 өдрийн турш НҮБ-ын зааварчилгаан дор дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, эрсдэлийн санг шинээр байгуулж, хэрхэн санхүүжүүлэх талаар Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо хуралдлаа. Хурлын үеэр төсөл хэрэгжих эхний дөрвөн жилд Дэлхийн банкнаас санхүүжүүлж, түүний дараачаас АНУ, Европын Холбоо, Их Британи зэрэг хөгжингүй орнууд санхүүжүүлдэг болно гэсэн шийдэлд хүрч байна. Одоогоор энэ санд хэр их хөрөнгө цугларах, улсуудаас хэр хэмжээний хөрөнгө гарах нь тодорхой болоогүй байгаа. Гэхдээ энэ сангаас тусламж хүртэх хөгжиж буй орнуудын зүгээс ойрын хэдэн жилдээ хэдэн тэрбум доллароор тоологдох хөрөнгө босно гэж найдаж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна.

Энэ хурлаар гарсан эхний төслийн зургийг ирэх сарын эхээр болох уур амьсгалын өөрчлөлтийн COP28 олон улсын дээд хэмжээний уулзалтаар албан ёсоор баталгаажуулна. Уг бага хурлын хөгжиж буй орнуудын төлөөлөл болсон Латин Америк, Карибийн орнуудын уур амьсгалын төлөөлөгч Авинаш Персаудын хэлснээр энэ сан дэлхийн улс орнуудын өмнө том сорилт болох хэдий ч, нэн чухал сайшаалтай үр дүн гарна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ сан нь уур амьсгалын онц ноцтой үзэгдлүүд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн араас сэргээн босголт, эргэн суурьшуулалт, гамшигт өртөгсдийг орон байр, тусламжаар хангах анхны олон улсын сан болж байгааг дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бас нэг арга хэлбэр  болж байна гэдгийг онцоллоо. Бас нэг онцлууштай үйл явдал нь хөгжиж буй орнуудын зүгээс эхний дөрвөн жилд Дэлхийн банкнаас санхүүжилт авахыг дэмжсэн явдал байлаа.

Харин хөгжингүй орнуудын зүгээс цаашдаа дэлхийн бусад орныг энэ санд хөрөнгө оруулах тал дээр манлайлан уриалж оролцоно гэдгээ амлалаа. Гэхдээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх томоохон байгууллагуудын төлөөллийн зүгээс энэ санг байгуулж, хөрөнгө оруулах амлалт өглөө гээд гамшигт нэрвэгдэж буй газруудад тусламж хангалттай хүртээмжтэй байна гэдэг бүрэн баталгаагүй байх магадлалтай гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Гамшигт нэрвэгдсэн, нэрвэгдэх магадлалтай орнуудад эрсдэлийн болон сэргээн босгох тусламж үзүүлэхийн тулд 2030 он гэхэд багадаа хэдэн триллион доллароор тоологдох хөрөнгө хэрэгтэйг тэд сануулж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд ялгаруулж буй бохирдол, нүүрс хүчлийн давхар ислийн ялгаруулалтаараа жижиг буурай орнууд хамгийн бага хувийг эзэлдэг ч эргээд хүний гараар үүсгэгдсэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж, хохирдог нь тэдгээр жижиг буурай орон гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн жил Египет улсад болсон Cop-27 уур амьсгалын дээд түвшний уулзалтаар энэ сангийн талаар санаачилгыг анх гаргаж байсан ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэн голлох санхүүжүүлэгч болох, хэн гол санхүүжилтийг хүртэх, сангийн үйл ажиллагаа, хөрөнгийг хэн захиран зарцуулах зэрэг асуудалд дорвитой шийдэлд хүрэлгүй явсаар Cop28 уулзалт хаяанд ирсэн байна.

Мөн өнөөдөр гамшиг болоход гол үүргийг гүйцэтгэж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хөгжингүй орнууд хүлэмжийн хийн ялгарлаа багасгах талаар үг дуугарч, дорвитой алхам хийхгүй байгааг Cop28 уулзалтыг энэ онд даргалах Арабын Нэгдсэн Эмират улсын Султан Аль Жабер шүүмжилсэн байна. Харин хөгжингүй орнуудын зүгээс газрын тос олборлолтоороо тэргүүлдэг булангийн орнууд энэ санаачилгад хамгийн идэвхтэй оролцож, голлох донор болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Ямартай ч Cop28 дээд түвшний уулзалт дээр  оролцогч талууд хоорондоо байр суурийн зөрүүтэй байдлын улмаас санал нэлээд зөрөлдөх төлөвтэй байгаа. Гэхдээ энэ санг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар голлох шийдвэр тус чуулганаар гарна гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын эрсдэлийн санг ирэх дөрвөн жилд дэлхийн банк санхүүжүүлнэ  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй