Шууд Chart

Латин Америкийн цагаач дүрвэгсэд АНУ-ын хилээр аюулгүй нэвтрэхийг хүсэж байна

2023-11-07 15:58:34

Латин Америкийн хэдэн мянган цагаач дүрвэгсэд АНУ руу нэвтрэхээр өмнөд хилийг нь зорьж яваа гэсэн мэдээлэл байна. Мексикийн визний системийн дагуу АНУ руу аяллын юм уу хүмүүнлэгийн виз хүссэн хүмүүс хэдэн долоо хоногоос хэдэн сараар хүлээх шаардлагатай болдог. Америк-Мексикийн хил дээр визний асуудал нь шийдэгдтэл цагаач, дүрвэгсэд ямар ч нийгмийн үйл явцад оролцох боломжгүйгээр хэдэн долоо хоногоор хүлээдэг байна. Яг энэ нөхцөлд АНУ руу аюулгүй, чөлөөтэй нэвтрэхийг хүссэн цагаач дүрвэгсдийн зарим нь амаа хааж оёх зэрэг хэтийдсэн хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байна гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд өгч байна.

АНУ-ын хилийг нэвтрэхээр хүлээж байгаа хүмүүсийн зарим нь гурваас дөрвөн сар яг энэ хилийн зурвас дээр гацсан тохиолдол байдаг. Тэдний ихэнх нь өөрийн улс орон дахь хямралаас үүдэж АНУ руу дүрвэн гарах хүмүүнлэгийн виз хүсэж байгаа. Түүнчлэн Америк-Мексикийн хил дээр цагаач дүрвэгсэд олноор цугларсан үед хүний хулгай, хүний наймаа зэрэг гэмт хэргүүд гарах нь элбэг байдаг тул дүрвэгсэд хэдэн мянгаараа бүлэг болон АНУ-ын хилийн зүг аялж байна гэж дүрвэгсдийн зүгээс тайлбарлаж байна. Мексикийн их сургуулийн судалгаагаар хил нэвтрэхээр зорьж яваа дүрвэгсдийн 92 хувь нь ямарваа нэгэн хүчирхийлэлд өртдөг, хүний эрхээ эдэлж чаддаггүй гэсэн тоо баримт байна.

Дүрвэгсдийг дагуулж яваа зохион байгуулагчдын зүгээс Мексикийн удирдлагуудыг дүрвэгсдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, аюулгүй хил хүрэхэд нь туслахыг, мөн орогнол хүсэгчдэд визийг нь түргэн шуурхай олгохыг шаардсаар байна.

Одоогоор Мексикийн өмнөд хэсгээс АНУ-ын Техас мужийг зорьж яваа нийт 8000 гаруй дүрвэгсдийн баг байна. Тэд он дуусахаас өмнө АНУ-ын хилээр нэвтэрнэ гэж зорьж байгаа юм. Харин Мексикийн АНУ-тай хиллэдэг умард хэсгийн дүрвэгсдийн орогнох газрынхан ийм хэмжээний хүнийг виз нь гартал байлгах боломжгүй гэж анхааруулсан байна. Тэгвэл АНУ-ын Техас мужийн захиргаанаас хууль бусаар хил нэвтрэх цагаач дүрвэгсдийн урсгалыг хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Мексик-Америкийн хилийг Техасын арми, Үндэсний агаарын хамгаалах хүчний цэргүүд байнга манаж, дроноор хянаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хоёр улсын хил дээр баригдаж байгаа хананы барилгын ажил нь дуусаагүй хэсгүүдэд төмөр тор босгосон гэж мэдээлсэн байна.

Мөн аль хэдийн хил нэвтэрсэн 63 мянга орчим цагаач дүрвэгсэд Техас мужид хэт төвлөрөл үүсгэхгүйн үүднээс Вашингтон ДиСи, Нью-Йорк, Чикаго, Филадельфи, Денвер, Лос Анжелес зэрэг хотууд руу нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Латин Америкийн орнуудаас АНУ руу дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой Латин Америк-Карибийн орнуудын удирдагчид Мексикийн Паленке хотод хуралдсан байна. Тэдний гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлүүдэд ард иргэд олноор өртөж, улс орноосоо дүрвэх боллоо гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Одоо Америк-Мексикийн хилийг зорьж яваа дүрвэгсдийн дунд ч ийм шалтгаан нэрлэх хүн цөөнгүй байлаа. Цаг агаарын гамшигт үзэгдлээс гадна улс төр, эдийн засаг, нийгмийн шалтгаанууд дүрвэгсдийн урсгал нэмэгдэхэд нөлөөлж байна гэж дурдсан байна.

АНУ руу иргэд нь олноороо дүрвэж байгаа орнуудад Куба, Венесуэл, Гаити, Гондурас, Эль Салвадор улсууд орж байна. Нэн ялангуяа улс төр, эдийн засгийн хувьд олон жил тогтворгүй байгаа Венесуэл улсын иргэд дүрвэгсдийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа нь ирэх жил сонгуульд дахин өрсөлдөх АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдены хувьд нэн том шалгуур болж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Венесуэлийн иргэдийг эх орон руу нь албадан буцаахын тулд АНУ-ын сангийн яамнаас Венесуэл улсад тавьсан эдийн засгийн хоригоо султгах арга хэмжээ авч байгаа гэсэн мэдээлэл байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Латин Америкийн цагаач дүрвэгсэд АНУ-ын хилээр аюулгүй нэвтрэхийг хүсэж байна  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй