
Фэйсбүүк, Инстаграмыг эзэмшигч Мета компанийн зүгээс хиймэл оюун ухаант зар сурталчилгааны тохиргоог нь ашиглаж улс төрийн сурталчилгаа явуулахыг хориглосон шийдвэрийг Метагийн зүгээс гаргасан байна. Хиймэл оюун ухааныг ашиглаж сонгуулийн ПиАртай холбоотой эндүү ташаа мэдээллүүд тархах боломжтой гэдэг шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгаа юм байна. Ташаа мэдээлэл тараах үндэслэлтэй сурталчилгаануудыг Метагийн баримт шалгагч түнш компаниуд олж илрүүлж, Метагийн зүгээс устгах зарчмаар ажиллах юм байна.
Мета компанийн зүгээс энэ мэдэгдлийнхээ хажуугаар шинээр танилцуулж байгаа Generative AI гэх хиймэл оюун ухааны тохиргоогоо дэлгэрүүлэн тайлбарлалаа. Зар сурталчилгаа хийх боломжтой энэ тохиргоо нь одоогоор үл хөдлөх хөрөнгийн зар, ажлын зар, аливаа онцгой үйл ажиллагаанууд, сонгууль, улс төрийн сурталчилгаа, эрүүл мэнд, эмийн бүтээгдэхүүний зар, санхүүгийн үйлчилгээний заруудыг оруулахыг зөвшөөрөөгүй байгаа юм байна. Эдгээр зар нь ташаа мэдээллийг амархан түгээх боломжтой, хуурамч эм эмийн бүтээгдэхүүн зарж худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй, санхүүгийн үйлчилгээ нэрээр хэрэглэгчийг эрсдэлд оруулах магадлалтай гэдэг шалтгаанаар ийм заруудыг хориглож байгаа юм. Хүний гараар бүтээгдэх зар сурталчилгаанаас ялгаатай нь хиймэл оюун нь зөвхөн интернэтэд байгаа өгөгдлүүд дээр тулгуурлаж бодит мэт зар бүтээх боломжтой гэдэг утгаараа эндүү ташаа мэдээлэл үүсэх эрсдэл өндөр гэж ойлгож болно. Ялангуяа улс төр, сонгуультай холбоотой зарууд нь нэг хүнд биш, нийгэмд тэр аяараа нөлөөлөх боломжтой тул эрсдэл өндөртэйд тооцогдож байна. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсыг зохиомлоор бүтээх чадалтай гэдэг нь маш том эрсдэл юм. Тэгвэл яагаад ийм эрсдэлтэй хиймэл оюуныг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа вэ гэдэг асуултыг олон улсын зүгээс тавьж байна. Хариуд нь Метагийн зүгээс Generative AI хиймэл оюуны тохиргоог жижиг бизнес эрхлэгчид өөрсдөө сурталчилгаагаа хялбар аргаар хийдэг болгохоор зорилтот бүлэгт хандаж үүсгэсэн. Гэхдээ зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалж дараа жилээс дэлхий дахинд энэ үйлчилгээг ашиглаж болдог болно гэж тайлбарласан байна.
Өнгөрсөн жил Майкрософт компанийн OpenAI хиймэл оюун хөгжүүлэгч салбар компани ChatGPT гэх хүний зан чанарыг дуурайж хариулдаг чатботыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Мета компани Майкрософттой өрсөлдөхүйц хиймэл оюун ухааны тохиргоог хөгжүүлэхээр уралдаж буй. Гэхдээ одоогоор хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд энэ шинэ эрсдэлт технологийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хангалттай мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс Метагийн зүгээс энэ технологид хариуцлага хүлээж, улс төрийн шинжтэй зар оруулахыг хориглосон шийдвэр гаргаж байгаа гэж тайлбарласан байна. Google-ийн толгой Алфабет компани өнгөрсөн долоо хоногт Generative AI-тай төстэй тохиргоо гаргаж байгаагаа зарласан. Тэдний зүгээс улс төрийн эндүү ташаа мэдээлэл түгээхээс зайлсхийж, хиймэл оюун ухааны хайлтын системээс улс төртэй холбоотой үг хэллэгүүдийг устгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн бодит хүний зургийг ашиглах, бодит мэт хүний дүрийг бүтээж, сонгуулийн зурагт хуудас бэлтгэх зэрэг зохиомол контентуудыг илрүүлэн шалгах тохиргоо нэмнэ гэж төлөвлөж байгаа юм байна.
“Мета” компани хиймэл оюун ухаант тохируулгыг нь улс төрийн зорилгод ашиглахыг хориглолоо | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.