Шууд Chart

Хүүхдийнхээ толгойг нэг үзээрэй

2023-11-20 16:33:04


Сүүлийн үед бөөсний тухай яриа их гардаг боллоо. Тэр тусмаа цэцэрлэгийн багачууд болон бага ангийн зарим сурагчид бөөстөх болов.

Ихэвчлэн 2-6 насны хүүхдүүд бөөстөж байгаа аж. Нэг ангид  30-40 хүүхэд хүмүүждэг.  Цэцэрлэг, сургуулийн  ачаалал хэтэрхий их нэмэгдсэн нь хүүхдүүд бөөстөх бас нэг шалтгаан болсон байж магадгүй. 

Усанд ордоггүй, угааж цэвэрлэдэггүй бохир заваан хүмүүст байдаг гэх тодотголтой өнөөх бөөс яагаад хүн бүр соёлч боловсон болсон өнөө үед гарч ирээд, хүүхэд “зовоох” болов? Үүнийг эцэг, эхчүүд янз бүрээр л тайлбарлаж байна. Тодруулбал, урд хөршөөс оруулж ирж буй үсний хавчаар, элдэв зүүлт, боолтоос болж хүүхэд нь бөөстсөн гэх яриа цөөнгүй.

Дээрх бичсэнтэй адил явдал яалт ч үгүй гараад буй. Өнгөрсөн намар нэг танил маань “Хархорин” зах дээрээс 100 төгрөгийн хар сунадаг боолт аваад, хүүхдийнхээ үсийг боож л дээ. Гэтэл хэд хоногийн дараа яг боодог хэсгээр нь хуурс шавчихсан байсан гэдэг.

“Хүүхдийн минь толгойд байсан бөөс хар өнгөтэй, үсэрдэг, хурдан хөдөлгөөнтэй, гарт баригддаггүй. Юугаар ч угааж цэвэрлээд устахгүй, арцаар угаагаад ч тусыг эс олсон” гэж танил маань ярьж байсан юм.

-Хүүхдийн үс, хувцасны хуниас, нугалаас зэргийг тогтмол шалгаж, толгойн бөөс дамжихаас сэргийлж, үсийг боох, сүлжих

-Толгойн үсэнд бөөс байгаа эсэхийг шалгахын тулд мөрөн дээр цагаан даавуун алчуур юм уу, цаасан сальфетка тавьж, үсийг самнах

-Угаагаагүй хувцас, үсний сам, малгай, алчуур, цагаан хэрэглэл, чихэвч, хүүхдийн чихмэл тоглоом зэргийг бусадтай хуваалцаж хэрэглэхгүй байх

-Бөөс нь хүйтэнд тэсвэргүй учир хөнжил, гудсыг гадаа тавьж, сайтар гүвж хэрэглэх

-Цэцэрлэгт хүүхдүүдийн үсийг самнахдаа самыг солихгүй байх, цагаан хэрэглэлийг тус тусад нь хадгалж хэрэглүүлэх

-Бөөс устгах шампунийг сард 2-оос дээш удаа хэрэглэхгүй. Ихэнх шампунийг 5-аас доош насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, мөн арьсны эмгэгтэй, эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Нэмж хэлэхэд, толгойн бөөс нь хүний толгойн үс, зарим тохиолдолд сахал зэрэгт шимэгчилдэг, 2-3 мм урт биетэй, өдөрт 2-3 удаа цус сордог. Хүний цусыг сороогүй нөхцөлд 35 хэмд нэг, 25-30 хэмд хоёр, 10-20 хэмд долоо ба түүнээс дээш өдөр амьдрах чадвартай аж. Эмэгчин бөөс өдөр бүр дөрөв, амьдрах хугацаандаа 100 орчим хуурс гаргадаг байна. Бөөстөхийг эмч нар өвчин гэж үздэг бөгөөд зориулалтын шампунь хэрэглэхийг зөвлөдөг аж.

Бөөс нь дотроо гурван төрөлтэй

  1. Толгойн бөөс – 2-3 мм урттай, гэрлээс дайжиж амьдардаг. Биеийн уртаасаа 100 дахин хол зайд үсрэх чадвартай, олон хүнтэй, чийглэг, дулаан орчинд хурдан үрждэг. Хэнд ч хэзээ ч халдах боломжтой.
  2. Хувцасны бөөс – Энэ төрлийн бөөс нь хувцас болон ор дэрний даавуун дээр өндөглөж, үрждэг. Бохир орчин нь амьдрах таатай нөхцөл болдог. Удаан хугацаанд усанд ороогүй, хувцсаа угаагаагүй, ор дэрний даавуугаа угаагаагүй байх нь энэ төрлийн бөөсний халдвар дамжихад нөлөөлдөг. Хувцасны бөөс нь гэдэсний хижиг өвчний халдвар тархаах, улмаар хүнийг үхэлд хүргэх хүртэл аюултай.
  3. Намилзгана буюу умдагны бөөс – Хувцасны бөөстэй харьцуулахад жижигхэн буюу 1.5 мм урттай. Хөлөөрөө умдагны үсний угт бэхлэгдэн арьсанд наалдаж амьдардаг. Мөн суга, сахал зэрэг үсэрхэг газар амьдрах боломжтой. Алчуур, халуун усны газар, зочид буудал, усан сан, хувцас зэргээр дамждаг.

Энэ гурван төрлийн бөөс хэзээ ч хоорондоо холилдож амьдардаггүй. Хүн, амьтны биенээс гараад 24 цагийн дотор үхдэг. Цусаар хооллож амьдардаг учраас хүний биеээс салаад удаан амьдарч чаддаггүй аж.

Шинж тэмдэг нь:

  • Маш их загатнах
  • Үс хөдөлж буй мэт сэтгэгдэл төрөх
  • Бие, хуйх, хувцас, умдагны үс зэргүүдээр бөөс явах. Насанд хүрсэн бөөс нь наран цэцгийн үр шиг хэмжээтэй байна.
  • Үсэнд хагтай төстэй цагаан хуурс ажиглагдана. Хагнаас ялгаатай нь үсээ самнахад унахгүй
  • Хуйх, хүзүү, мөрөөр улаан шархлаа үүсэх
  • Намилзагана буюу умдагны бөөсөнд хатгуулсан газар хөх улаан болж загатнах шинж тэмдэг илэрдэг аж.
     
    Зарим  үсчингийн газруудаас асууж тодруулахад томоохон салонууд ихэвчлэн саванд хийж хайч болон багаж хэрэгслүүдээ хонуулан ариутгадаг бол, зах болон худалдааны төвийн үсчиний газрууд ихэнхдээ энгийн шүршдэг  ариутгагчаар хайчаа ариутгадаг. Сам болон бусад хэрэгсэлээ гараар угааж цэвэрлэдэг гэлээ.  

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Хүүхдийнхээ толгойг нэг үзээрэй   
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй