Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2023-11-30 08:46:55

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр (2023.11.29) Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 56 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 19, 27-ны өдрийн хуралдааны санал, дүгнэлт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийг үндэслэн Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан.

Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босгол, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажил, мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрийн засварын ажлыг хийхээр төлөвлөсөн гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр 1968 онд элссэн бөгөөд тус байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны Олон улсын конвенцод 2014 онд нэгдэн орсон. Мөн энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан.

Швейцарь Улсын Женев хотноо 2016, 2018 онд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болон 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдээс эхлэн тус тус хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь далайчдын эрхийг хамгаалах үүднээс Олон улсын далайн тээврийн танхим болон Олон улсын тээвэр эрхлэгчдийн холбооноос хамтран гаргасан хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах тухай удирдамжийг баримтлах, мөн далайн хөдөлмөрийн гэрчилгээний хугацааг сунгах зохицуулалтыг тусгасан.

Монгол Улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр хөлөг онгоц дээр ялгаварлан гадуурхалт гарсан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг тогтоох, таслан зогсоох, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох шаардлагыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц эзэмшигчид тавих эрх зүйн орчин бүрдэх юм.

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь “далайн дээрэм” болон “хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул” гэсэн нэр томьёог шинээр тусгаж, тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг мөн нэмж тусгасан байна.

Одоогоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 90 гаруй гишүүн улс энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байна.

Иймд Олон Улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, улмаар Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэж Засгийн газраас үзжээ.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, далбааны эзэн улсаас тавих хяналтыг сайжруулснаар хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой аж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв   
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй