Шууд Chart

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

2023-11-30 09:04:02

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өчигдөр (2023.11.29) Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас анх 1996 онд Ургамал хамгааллын тухай хуулийг баталж, 2007 онд шинэчилсэн. Гэвч өнөөг хүртэл манай улсад ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт хангалтгүй байгааг салбарын сайд хэллээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас ургамлын эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдол, түүний нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хүнсний баталгаат байдлыг хангах болон экосистемд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд өгч, сайн туршлагыг түгээн таниулах зорилгоор 2020 оныг “Ургамлын эрүүл мэндийн олон улсын жил” болгон зарлаж, энэ хүрээнд холбогдох ажлуудыг хийх хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан байдаг.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 80 хувийг ургамлын гаралтай хүнс эзэлж байгаа бөгөөд бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн 98 хувийг ургамлаас хангадаг нь тогтоогджээ. Түүнчлэн дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа шувууны махны 72 хувь, өндөгний 43 хувь, гахайн махны 55 хувь нь үр тариа, тосны ургамлаар тэжээсэн гахай, шувууны эрчимжсэн фермээс гаралтай байгаа бол бэлчээрийн мал аж ахуй бүхэлдээ байгалийн ургамлаас хамааралтай байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын худалдаа, аялал жуулчлал хурдацтай хөгжихийн хэрээр дэлхийн ихэнх улс оронд ургамлын хортон шавж, хог ургамал, ургамлын өвчин хурдацтай тархаж, таримал болон байгалийн ургамалд эрсдэл учруулж байна. Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал болон байгаль орчинд үлэмж хохирол учруулж болзошгүй төдийгүй худалдаа, эдийн засагт нөлөөлөх болсон. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн судалгаанд дэлхий даяар жил бүрийн тариалангийн ургацын 40 хувийг ургамлын өвчин, хортноос болж алддаг гэсэн тооцоо гарчээ. Цаашид энэ маягаар ургацаа алдвал хүнсний хангамж багасаж, тариаланчдын орлого буурах, экосистемд сөргөөр нөлөө үзүүлэх зэргээр үр дагавар үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс улс орнууд ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хорио цээр, эрүүл ахуйн хууль тогтоомж, тогтолцоог сайжруулах замаар ургамлын өвчин, хортныг нутаг дэвсгэртээ нэвтрэх, тархахаас сэргийлэхэд анхаарах болжээ.

Иймд Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилго бүхий Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн санг үүсгэх, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага болон холбогдох бусад этгээд мэдээлэл оруулах, мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Мөн Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ, хөнөөлт организмын гаралт, тархалтын талаарх мэдээллийг дотоод болон гадаад орон, бүс нутгуудад харилцан солилцох, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ургамал хамгааллын үндэсний байгууллагыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулахаар тусгажээ.

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаа Монгол Улсын олон улсын гэрээний зарчим, хэм хэмжээнд нийцэж, ургамлын эрүүл мэндийг хамгаалахтай холбогдох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, худалдааг дэмжих орчин сайжирч, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлд эергээр нөлөөлнө. Ургамал хамгаалах нь ургамлын өвчин, хортон, хог ургамал Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэхээс хамгаалах, тариалангийн үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлэх, ач холбогдолтой учраас ургамал хамгааллын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлснээр тариалангийн үйлдвэрлэл тогтворжиж, ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, тариаланчийн орлого нэмэгдэн тэдгээрийн эдийн засгийн баталгааг хангах эерэг нөхцөл бүрдэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй