Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын "7:4:10" цахим сургалтад оролцож, мэдээлэл хийв

2023-11-30 12:23:43

Төрийн албаны зөвлөлөөс улс орон даяар 7 хоног бүрийн пүрэв гарагт “7:4:10” цахим сургалт зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, мэдээлэл хийв.

Тэрбээр төр гэж чухам юу вэ, түүний алба хаагчид ямар зарчмыг мөрдлөг болгож, эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг сэдвээр төрийн албан хаагчидтай цахимаар уулзав. Энэхүү уулзалтад бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон төрийн албаны удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч нийт 3000 гаруй хүн оролцлоо. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж, үг хэллээ. Тэрбээр төрийн албан хаагчид  уламжлал болгон зохион байгуулдаг цахим сургалтад УИХ-ын даргыг оролцуулах хүсэлтийг хамгийн их ирүүлсэн учраас түүнийг урин ийнхүү оролцуулж байгаагаа онцоллоо.  УИХ-ын дарга Г.Занданшатар, нэг цаг дор Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж буй төрийн албан хаагчидтай  санал бодлоо солилцох боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлээд дараахь мэдээллийг өгөв. “Та бүхэн бол Монгол Улсын төрийн бодлого, чиг үүргийг аймаг, орон нутаг, хариуцсан салбартаа үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж буй Монгол төрийн элч төлөөлөгчид билээ. Та бүхний үйл ажиллагаанаас Монгол төрийн үйл хэрэг, үр дүн, нэр хүнд шууд хамаардаг. Иргэдийнхээ итгэлийг хүлээж, ард түмэндээ төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ямар нэг алагчлалгүй, үр дүнтэй хүргэх нь Та бидний зорилго. Өөрөөр хэлбэл сайн төрийг төлөвшүүлэх нь энэ цаг үеийн нэн тэргүүний шаардлага болоод байна. Сайн төр гэж ямар төрийг хэлэх вэ? Хамгийн энгийнээр сайн түшмэдтэй төр л сайн төр байж чадна гэж хэлж болно. Нөгөө талаар сайн төр өөрөө сайн түшмэдийг төлөвшүүлдэг байна. Энэ талаар эртний Грекийн аугаа гүн ухаантан Сократ “Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй хүмүүсийг буй болгодог” гэж хэлсэн байдаг. Тэгвэл Сократын шавь Платон “Сайн төрийн зорилго бол шударга ёсыг тогтоох явдал мөн” гэжээ. Харин Платоны шавь Аристотель болохоор “Ёс суртахууны сайн сайхан байдлыг шударга төр тогтоодог” гэсэн байх юм. Түүнчлэн Аристотель “Улс төр” хэмээх гайхамшигт бүтээлдээ сайн төр оршихын үндсэн шалгууруудыг дурдсан байдаг. Тэдгээрээс 5-ыг онцлон Та бүхэнд сонирхуулъя. Тэрбээр: Нэгдүгээрт, Төр нь иргэдийн цогцолбор байх ёстой гэсэн байна.  Энэ бол Төрийн эрх мэдэл ард түмнээс сурвалжтай гэдгийг хэлж буй хэрэг юм. Манай Үндсэн хуулийн 3.1-д байдаг “ард түмэн засаглах эрх”-ийг хэрэгжүүлэхийн тулд хууль, дүрэм батлах, бодлого, шийдвэр гаргахдаа ард иргэдийн оролцоог аль болох түлхүү хангах ёстой. Орчин үеийн төрийн онолд “Төрийг хянах механизм нь иргэний нийгэм мөн. Иргэний нийгэм төлөвшиж, хөгжөөгүй үед төр дарангуйлал руу шилждэг” гэж үзэж байна. Тиймээс Та бидний эн тэргүүнд эрхэмлэх зүйл бол аливаа шийдвэр гаргаж, бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ иргэд, иргэний нийгмийн байгууллагынхны оролцоог хангаж, тэдний санал бодлыг заавал сонсож, тусгаж байх явдал юм.

Хоёрдугаарт, Төрийн удирдлагыг хамгийн шилдгүүдийн гарт төвлөрүүлсэн байх нь чухал гэжээ. Энэ бол төрийн удирдлагын эрх, үүргийг хэрэгжүүлж буй хүмүүс нийтийн тусын тулд сайн үйл бүтээх чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй, боловсрол мэдлэгтэй, олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн үг юм. Олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байх энэ шалгуур маш чухал. Хэрвээ Таныг ард иргэд чинь хүлээн зөвшөөрч, итгэж хүндлэхгүй бол алхам бүхэн тань саад бэрхшээлтэй тулгарах болно гэдгийг ямагт санаж явах ёстой. Гуравдугаарт, Төрийг хэн захирч байхаас үл хамааран нийтийн ашиг тусыг удирдлага болгож байх ёстой гэж томьёолсон байна. Төр, засгийн эрхийг улс төрийн намууд сонгуулиар олж авдаг. Гэхдээ сайн төрийн зүтгэлтэн, алба хаагч бол манай, танай нам гэхгүйгээр гагцхүү нийт Монголын, монголчуудын сайн сайхан буюу язгуур эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой. Дөрөвдүгээрт, төрийн байгуулал нь хүн бүр энх амгалан, аз жаргалтай амьдрах бололцоог хангах ёстой гэж үзжээ.Үүнийг хүний эрх, эрх чөлөө, нийгмийн сайн сайхан, аюулгүй байдлыг хангаж, түүнийг хамгаалж, гагцхүү шударга ёс, хууль засаглах зарчмыг удирдлага болгож ажилла гэсэн үг гэж би ойлгож байна. Монгол хүний эрх, эрх чөлөө хаана ч зөрчигдөх ёсгүй, тэр тусмаа төр, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд. Зөвхөн шударга ёс, хуульд нийцсэн үйл ажиллагаа л ард түмний дэмжлэгийг хүлээж, төр нь иргэдийнхээ итгэлд оршихын үндэс суурь болдог. Нэрт эдийн засагч Эрнандо де Сото “Хууль хэзээ хүмүүсийг хамгаална, тэр цагт хүмүүс хуулийг хамгаалалтдаа авна” гэж хэлснийг бид байнга санаж явах учиртай. Хууль нь хүнээ хамгаалах энэ зарчмыг ямагт баримталж, хэрэгжүүлж ажиллах ёстой хүмүүс бол та нар юм. Тавдугаарт, төрийг хамгийн шилдэг аргаар удирдах ёстой гэжээ. Монголчуудын төрт ёсны хоёр мянганаар тоологдох түүхийн туршид хуримтлагдсан сайн уламжлал, орчин үеийн төрийн удирдлагын онол, арга зүйн   шилдэг арга барилыг эзэмшиж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байх нь төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад тавигдах зайлшгүй шаардлага юм.Түүнчлэн техник, технологийн өндөр түвшний мэдлэгтэй байх нь бас нэг чухал шаардлага болж байгааг зориуд онцолъё. Төр хүнд сурталгүй, ил тод, нээлттэй байхын үндэс нь цахим шилжилт болж байна. Төрийн алба хаагчид иргэддээ үйлчлэхийн тулд маш их ачаалалтай ажилладаг. Энэ ачааллыг хөнгөвчлөх арга нь цахим технологи гарцаагүй мөн. Тиймээс та бүхэн цахим шилжилтийг дагагч, хэрэглэгч төдий биш, санаачлагч, манлайлагч байх ёстой шүү гэдгийг онцолж хэлье.   

Орчин үед улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанарыг газар нутаг, байгалийн баялгийн хэмжээгээр бус, төрийн албаны чадвар, бүтээмжтэй холбон үздэг болсон. Төрийн бүтээмжийн үр дүн иргэдийн оролцоо, дэмжлэгээс шууд хамааралтай. Улсын Их Хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг гол зорилт болох Төрийн бүтээмжийн сэргэлт нь төрийн санхүү, хүний нөөцийн хүчин зүйлээс гадна иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр үр дүнд хүрнэ. Төр, иргэдийг холбох гүүр нь, төрийн өмнөөс иргэдтэй харилцах төлөөлөгч нь, харилцан ойлголцлыг бэхжүүлэгч нь Та бүхэн юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд 5 жилийн нүүр үзэж байна. Энэ хуулийн гол зорилго нь мерит зарчим бүхий мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй төрийн албаны шинэ тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн. Хуулийн хэрэгжилт, үр дүн нь нийгмийн хүлээлт, иргэдийн итгэлд хүрч, нийцэж байна уу гэдэг талаар дор бүрнээ үнэлгээ, дүгнэлт өгч ажилламаар байна. Төрийн удирдлагыг зөв хэрэгжүүлэхгүй бол хөгжлийн боломжууд алдагдаж, нийгэм дэг журам, зохион байгуулалтын хувьд гажиж, дезинтеграц болдгийг судлаачид анхааруулсаар буй. Энэ нь Та биднээс цоо шинэ хандлага, сэтгэлгээ, арга барил, удирдлагын олон талт, цогц ур чадварыг шаардаж байна гэсэн үг.  Тиймээс тасралтгүй суралцаж, хөгжиж, өөрсдийгөө цэнэглэж байх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр мэргэшсэн, чадварлаг иргэн, албан хаагчийг сонгон тодруулж, сургаж бэлтгэж, салбараа шилдэг хүний нөөцөөр сэлбэж баяжуулах нь нэн чухал. Энэ бол удирдах ажилтны төрдөө үлдээх үнэт өв юм. Төрийн албыг хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх түлхүүр хэмээн эндүүрч, хоноцын сэтгэлгээгээр хандах, улсын болон нийтийн эрх ашгийг хөсөрдүүлэх хандлага газар авсныг нуух хэрэггүй. Энэ байдал иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй хийж, хөгжлийн боломжийг алдагдуулж байна. Бас зөв шударга, зүтгэл чармайлттай, мэргэшсэн алба хаагчдын урам зоригийг мохоож, шинэ үеийнхнийг төрийн албанаас цэрвэх, дайжихад хүргэж байгаа шүү. Төрийн албыг ийм бохирдлоос цэвэрлэх нь Монгол төрийн, Монголын ард түмний хүсэмжлэл болоод байна. Энэ үйл явц нэгэнт эхэлсэн. Цаашдаа ч улам гүнзгийрнэ. Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид төрийн албыг төлөвшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал тодорхой шийдвэрүүд гаргасаар байгаагийн нэг нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хууль юм. Хуулийн дагуу Ёс зүйн хороо байгуулагдаж, гишүүдийг шинээр томилсон. Та бүхэн аймаг, орон нутагтаа, салбартаа Ёс зүйн дэд хороогоо байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад онцгой анхаараарай. Өнөөгийн төрийн албан хаагчид шударга ёс, ил тод, нээлттэй байдлыг эн тэргүүнд эрхэмлэх ёстой. Үүнийгээ үг, үйлдэл, хандлага, соёл, үүрэг хариуцлагаараа алхам тутамд, цаг ямагт нотлон харуулах нь чухал. Энэ бол манлайлал, үлгэрлэл. Үүнийг дагаад итгэл, хүндлэл ирнэ гэдгийг захиж хэлье. Төрийн үйл хэргийг тасралтгүйгээр үргэлжлүүлэн нэр төртэй авч яваа төрийн албан хаагчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжийг нь сайжруулах бодлогыг баримтлаж байна. Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх хоёр чухал бодлогыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт,  2024 оны 4 дүгээр сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийтлэг үйлчилгээ болон тохижилт үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20 хувь нэмэгдүүлэх бол түүнээс бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, Орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор 2023 оноос олгож эхэлсэн орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээ болон хамрах хүрээг нэмэгдүүлнэ. Тус арга хэмжээний хүрээнд 2024 оны 4 дүгээр сараас эхлэн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчид 40 хувь, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчид 20 хувийн нэмэгдлийг авдаг болно. Зарим орон нутаг орлогоосоо шалтгаалан цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг, Баянхонгор зэрэг аймгуудын албан хаагчдийн цалин 40-80 хувиар нэмэгдэж байна. Суурь цалин дээрээ 40 хувийн нэмэгдэл авахаар 2 сая гаруй төгрөгийн цалинтай болж байна. Мөн Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлахдаа орон сууцны ипотекийн зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор боллоо. Эдгээр өөрчлөлтийг дагаж, аймаг орон нутаг хөгжих ёстой. Сум бол эдийн засгийн цогцолбор болох ёстой гээд төрийн албан хаагчдад ажлын амжилт хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын "7:4:10" цахим сургалтад оролцож, мэдээлэл хийв  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй