Шууд Chart

“Монголын Хөрөнгийн бирж” ХК “Grand bull awards 2023”-ын “oнцлох IPO”-номинацид шалгарлаа

2023-12-04 15:05:00

Монголын хөрөнгийн зах зээлийн оны шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, “Монголын хөрөнгийн бирж” ХК “Онцлох IPO” номинацид шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2022 оны 12 сарын 26-нд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд амжилттай санал болгон, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн.

Түүнчлэн энэ онд "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжин банкны реформ амжилттай хэрэгжиж, системийн таван банк хувьцаат компани боллоо. Мөн бирж нь үнэт цаас арилжихаас гадна Монгол Улсын экспортын үндсэн бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эдийн арилжааг амжилттай нэвтрүүлээд байна.

Улмаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны 06 дугаар сард түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөгийг давсан юм. Энэ нь 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.1 их наяд төгрөг буюу 69 хувь, 2022 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.2 их наяд төгрөг буюу 46 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт байлаа. 

Монголын хөрөнгийн зах зээлийн оны шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023”-т энэ жил нийт 15 номинацид 70 гаруй байгууллагын давхардсан тоогоор 94 нэр дэвшигчид материалаа илгээсэн аж. Үүнээс эцсийн шатанд 60 нэр дэвшигч өрсөлдөж 15 номинацийн эзэд тодорсон. “Онцлох IPO номинац”-д “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хаан банк” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК зэрэг байгууллагууд өрсөлдсөнөөс ийнхүү “Монголын хөрөнгийн бирж” ХК “Онцлох IPO” номинацид шалгарсан юм.

Тус номинацид шалгарах үндэс суурийг 2022 онд хамт тавилцаж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг олон нийтийн статустай хувьцаат компани болох үйл ажиллагаанд Үндсэн андеррайтар ажилласан “Инвескор Капитал ҮЦК” ХХК, Туслах андеррайтер ажилласан “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК болон, аудитын “Грант Торнтон Аудит” ХХК, Хуулийн зөвлөх “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК компанийн хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Мөн бидний хамтын хичээл зүтгэл, хариуцлагад итгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 


“Монголын Хөрөнгийн бирж” ХК “Grand bull awards 2023”-ын “oнцлох IPO”-номинацид шалгарлаа  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй