Шууд Chart

Хороодын хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцлээ

2023-12-05 07:07:11

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан хурлын дэргэдэх хороод хуралдаж ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.  Өчигдөр  Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Хүний хөгжлийн хорооны хурал болж, Нийслэлийн 2024 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын  нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулсан юм. 

Хурлын үеэр төлөөлөгчид дүүргүүдэд тулгамдаж буй асуудал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажил, газар чөлөөлөлт, болон зам засвартай холбоотой төсвийн хөрөнгө оруулалтын талаар асуулт тавьж, хариулт авсан юм. 

Төлөөлөгч Б.Нэргүй  төсвийн зарлагын үр ашгийн талаар хөндлөө. Мөн нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг сануулав. Харин төлөөлөгч С.Эрдэнэбаяр 4 жил гацаад буй  Багахангай дүүргийн Соёлын төвийн барилгын ажлын хөрөнгө оруулалтыг тодруулсан юм.

Харин төлөөлөгч Д.Гантулга БЗД-ийн 15-р хорооны 122 дугаар цэцэрлэгийн  өргөтгөлийн барилга, төлөөлөгч Н.Баярмөнх хот тохижилтын байгууллагыг дүүрэг рүү шилжүүлж буйтай холбоотой санхүүжилтийн асуудлыг нь  тодруулж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авав. 

Баянгол дүүргийн 25,28-р хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор байр шинээр барих ёстой ч газрын асуудал шийдэгдээгүй. Тиймээс бэлэн обьект худалдаж авах шаардлагатай талаар  хурал дахь  МАН-ын  бүлгийн дарга Д.Ихбаяр хэлж байлаа.  Харин төлөөлөгч Л.Ариунтуяа нийгмийн дэд бүтцийн зарим асуудлыг шийдэх үүднээс газар  чөлөөлөлтийн ажлыг Чингэлтэй  дүүрэгт идэвхтэй хийж байгааг тодотгов. Гэвч зардлын асуудлыг шийдэх ёстойг хэлэв.  Төлөөлөгчид төсвийн зарлагаас гадна орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, татвар бүрдүүлэгч ААН, хувийн хэвшлээ дэмжих, хүнд хөдөлмөр эрхэлж буй ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх, он дамжсан ажлуудаа дахин харж, эрэмбэлэн дуусгах шаардлагатай байгааг сануулсан юм.

Мөн өнөөдөр Үл хөдлөх эд хөрөнгө болон нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, Нийслэлийн 2023 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох болон  өмчид барилга байгууламж бүртгэх, хасах зэрэг асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-ын ХХ хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлэг маргааш буюу энэ сарын 5-ны өдөр болох юм.

 Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Хороодын хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй