Шууд Chart

Интерполын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо

2023-12-05 08:54:32

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо энэ оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 91 дүгээр чуулганд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Вена хотноо 1923 онд чуулсан Олон Улсын Эрүүгийн цагдаагийн комиссын хуралдаанаар Интерпол үүсгэн байгуулагдсан бөгөөд Интерполын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган нь тус олон улсын байгууллагын түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд анх үүсгэн байгуулагдсан хотод 100 жилийн дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой байсан бөгөөд Интерполын гишүүн 160 гаруй орны 1000 орчим удирдах түвшний албан тушаалтнууд оролцсоноороо онцлог юм.

Уг чуулганы үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй манай улсын төлөөлөгчид Интерполын Ерөнхийлөгч ноён Ахмед Насер Аль Райси, Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юрген Шток, Интерполын олон улсын цагдаагийн хамтын ажиллагаа, сургалт хариуцсан албадын дарга нар, мөн түүнчлэн АНУ, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЧУ, БНКазУ, БНКирУ, Малайз зэрэг 20 орчим орны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалтуудыг зохион байгуулж, цаг үеийн шинж чанартай хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн чуулганы үр дүнд нийт оролцогчдын оролцоо, саналыг үндэслэн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, дэлхийн улс орнуудын хүчин чармайлт, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн өсөлтийг бууруулах нь” сэдэвт Венийн Тунхаглалыг гаргалаа. Дээрх баримт бичигт дараах 5 асуудлаар хүчин чармайлт гаргаж ажиллахыг Интерполын нийт гишүүн орнуудад хандан уриалжээ. Үүнд:

1.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үндэсний аюулгүй байдлыг хангах  бие даасан зорилтын хэмжээнд авч үзэх.

2.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх.

3.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээ, мэдээлэл солилцох ажлыг эрчимжүүлэх.

4.Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах.

5.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд технологийн ололтыг өргөнөөр ашиглаж, инновац нэвтрүүлэх зэрэг байна.


Интерполын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй