Шууд Chart

Ш.Нямсүрэн: Аюулгүй байдлын эерэг соёлыг дэлгэрүүлж чадсанаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг бууруулах бүрэн боломжтой

2023-12-06 14:42:36

УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнтэй Менежментийн нэгдсэн тогтолцооны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар ярилцлаа.
 
- Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Та бол УБТЗ-д Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлын тулгийн чулууг тавилцсан хүмүүсийн нэг. Тэгэхээр шинэ тутам энэхүү ойлголтыг төмөр замд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага нь чухам юунаас урган гарав гэдгээс хоёул ярилцлагаа эхлүүлэх үү?
 
Аливаа байгууллагын зорилго нь аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, үр зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх, зах зээлийн хүрээгээ тэлэх, эрсдэлийг тооцож даван туулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг нийтлэг олон зорилт байдаг. Эдгээр зорилтод хүрэхэд удирдлагын цогц шийдэл, тохирсон арга барил, тогтолцоог хэрэгжүүлэхээр менежментийн буюу удирдахуйн шинжлэх ухаан хөгжиж ирсэн. Манай төмөр замын салбарт ч мөн адил олон улсын жишигт шалгарсан тэр л арга барилыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Тэгэхээр энэ нь нэг талаараа цаг үеийн шаардлага байсан гэж үзэж болно.
 
Аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүх байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж зохих үр дүнд хүрч байна. Бүх чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, явуулдаг томоохон байгууллагууд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, найдвартай хангахын тулд системтэй үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зорьдог, бидэнд ч бас энэ зарчмаар Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага тулгарсан.
 
- Менежментийн нэгдсэн тогтолцооны систем УБТЗ-ын хэмжээнд өргөн далайцтайгаар нэвтрэхээс өмнө МИАТ тэргүүтэй байгууллагуудад хэдийнээ хэрэгжээд эхэлсэн байсан. Зорчигчийн вагон депо, Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо, Эрчим хүч, ус хангамжийн 1-р анги гэхчлэнгээр манай зарим байгууллага ч бие даасан байдлаар энэ тогтолцоог нэвтрүүлсэн байсан нь томоохон түлхэц болсон болов уу?
 
УБТЗ-д 2013 оноос Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Миний бие 2019 онд Замын ерөнхий инженерийн орлогчоор анх томилогдон ирэхэд Замын даргын нэгдсэн хурлаас гурван хэмжилзүйн төвийг хагас жилийн хугацаатайгаар байгуулж ажиллуулах. Улмаар эрсдэлийн үнэлгээг хийх, менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх гэсэн томоохон үүргийг даалгаж, үүнтэй холбоотой шийдвэр гарч байсныг тод санаж байна. Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажил төдийлөн үр дүнгээ өгөөгүй, бодит биеллээ олж чадахгүй байсан тул бид гадны мэргэжлийн байгууллагуудын сургагч багш нараас сургалт авч, арга зүйн туслалцааны чиглэлээр хамтарч ажилласан.
 
Үр дүнд нь Зорчигчийн вагон депо, Зүүнхараа дахь вагон засварын депо, Эрчим хүч ус хангамжийн I гэсэн гурван байгууллага олон улсын 180 стандартыг амжилттай нэвтрүүлж, УБТЗ-д Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх тулгийн гурван чулуу нь болсон түүхтэй. Дээрх байгууллагууд одоо ч 2023 оны тэргүүн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд манлайлан ажиллаж байна. Тэд 2, 3 дахь жилдээ баталгаажуулалтаа амжилттай хийж зохих үр дүнд хүрч чадсаныг онцлох нь зүйтэй.
 
Хамгийн гол нь энэ гурван байгууллага 180 стандартыг амжилттай нэвтрүүлснээрээ бусад салбар нэгжүүдэд төдийгүй нийт төмөр замчдад ч мөн адил 180 стандартыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх боломжтой гэдгийг ойлгуулж бодит жишээ, үлгэр дуурайлал болсон.
 
-Менежментийн нэгдсэн тогтолцоо болон олон улсын стандартыг нэвтрүүлж эхэлсэн үеийг өнөөтэй харьцуулбал ямар үр дүнгүүд гарч байна вэ?
 
Дэлхий нийт даяаршиж төмөр салбарын хөгжил дэвшлийн хурд сар, өдрөөр биш минут, секундээр хэмжигдэж байна. Энэ цаг үед бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, дэлхийн жишигт нийцэж ажиллах шаардлага бидний өмнө тулгарлаа. Дээр дурдсан 180 стандарт бол байж болох хамгийн бага хүлцэл юм. Товчхондоо Менежментийн нэгдсэн тогтолцоо гэдэг дэлхий нийтийн ерөнхий хэл болоод байна.
 
УБТЗ-д Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээр бид байгууллагын соёл, хувь хүний хандлага, аюулгүй байдлын бодлого, хөтөлбөр, эрсдэлийг удирдах зэрэг олон шинэлэг ойлголтыг өгсөн. Ингэснээр зохион байгуулж буй ажлууд маань илүү эмх цэгцтэй, оновчтой, харилцан уялдаатай, үр өгөөжтэй болж эхэлсэн. Ажилтнууд маань ч менежментийн тогтолцооны талаар зохих мэдлэг, ойлголттой болсон.
 
Менежментийн нэгдсэн тогтолцооны хамгийн чухал үр дүн бол аюулгүй байдлыг чанаржуулж, үргүй зардлыг буурж, аливаа хөрөнгө оруулалтыг эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан бодитой тооцоо судалгаанд хийж үр өгөөжийг тооцдог болсон явдал юм. Энгийн жишээ дурьдахад саяхны Замын даргын намрын үзлэгээр Замын I ангийн Зүүнхараа хэсгийн тор засагч өөрийн ажлын байрандаа эрсдэлийн хийсэн байсан. Мал, амьтан төмөр хориг хашаан дотор орж галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахаас сэргийлж, хориг хашааны бүрэн бүтэн байдлыг хангах нь тор засагчийн ажлын үндсэн үүрэг. Гэтэл тухайн тор засагч хориг хашааны эрсдэлийн үнэлгээнд мал орох боломжгүй стандартын дагуу зохих хэмжээтэй хориг хашааг ногооноор буюу эрсдэл багатайгаар, өргөст тор, шонгууд нь муудсан хэсгийг улаан, шар өнгөөр ялган тэмдэглэж бүдүүвч зураг дээр тэмдэглэснээ танилцуулсан.
 
Ингэснээр тухайн эрсдэлтэй цэгүүд дээр илүү анхаарч, шинээр өргөст торны хангалт хийгдмэгц нэн тэргүүнд улаанаар тэмдэглэсэн цэгүүдийн хориг хашааг сайжруулж эрсдэлийг буруулж ажиллахаар төлөвлөсөн байсан. Менежментийн тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг удирдах ажлууд ийнхүү биеллээ олж, бодит ажил болсныг хараад үнэхээр бахархсан. Энэ мэтчилэн Замын хэмжээнд салбар нэгж, цех тасаг бүр Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж, нутагшуулж чадвал үргүй зардал буурах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, аюулгүй байдал дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Бид өдөр бүр алхам алхмаар урагшилж, өнгөрснөөсөө суралцаж, өчигдрөөсөө илүү сайжирч байгаад бүрэн илтгэлтэй байна.
 
-Мэдээж аливаа ажлыг эхлүүлэхийн тулд эхлээд хэтийн зорилгоо тодорхойлдог шүү дээ. Тухайн үед та бүхэн чухам юуг харж байв. Одоо тэр алсын зорилгынхоо аль багцаанд нь явна вэ?
 
Бид тээх нэвтрүүлэх чадвараас давсан олон сая тонн ачааг тээвэрлэнэ гэхээс илүү шинэ соёлыг бүтээх, өөрчлөлтийг бий болгохыг зорьсон. Тийм дээ ч Замын даргын 2023 нэгдүгээр сарын 2-ны А/02 тушаалын 3-р хавсралтаар “УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлого”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Энэхүү шинэчлэн батлагдсан аюулгүй байдлын сахилгын бодлогын гол зорилго нь гологдол, дутагдлыг нуун дарагдуулахгүй байх, ажилтан, байгууллагын удирдлагуудын хоорондын харилцаа, ажлын уялдааг бий болгох замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах явдал юм.
 
Жишээ нь бид МИАТ-д хэрэгждэг “Нээлттэй мэдээллийн систем”-ийг энэхүү бодлогоор дамжуулан бий болгохыг зорьсон. Хэрэв ажилтан алдаа, дутагдал гаргасан даруйдаа холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэг байх. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч болзошгүй аюул, ослоос өөрийгөө болон хамт олны хамгаалж аюулгүй байдлыг хангуулж чадсан тохиолдолд заавал шийтгэл буюу сахилгын арга хэмжээ тооцож, цалин хөлсийг нь хасдаг байдлыг өөрчлөхийг зорьсон.
 
Ийм арга барил нь эргээд ажилтанд сэтгэл зүйн дарамт учруулахаас эхлээд сөрөг үр дагаварыг авчирдаг төдийгүй, үр дүн ч багатай. Бид одоо 2023 оны Аюулгүй байдлын сахилгын бодлогын хэрэгжилтийг дүгнэж цаашид энэхүү нээлттэй мэдээллийн системийг бий болгоно. Аюулгүй байдлын эерэг соёлыг дэлгэрүүлж чадсанаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг бууруулах бүрэн боломжтой. Дүгнэж харвал бид зорилгодоо хүрэх замынхаа дунд явна.
 
Аюулгүй байдал хангуулснаар гологдол, дутагдал, үл тохирлоос шалтгаалсан зардал буурах нь дамжиггүй. Аюулгүй байдлыг хангаж ажиллах нь тээврийн үйлчилгээгээр дамжуулан улс орны эдийн засгийн нэгэн тулгуур багана болсон төмөр замчид бид нэн тэргүүний үүрэг юм. Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр аюулгүй байдлыг дээшлүүлэх нь бидний хэтийн зорилго бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд бодлого, хөтөлбөрөө тодорхойлж нийт төмөр замчдадаа таниулж, хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлуудыг хамтдаа “нэг цонх”-оор хардаг болох нь бидний эхний зорилт байсныг та бүхэн мэднэ. 2023 онд энэ зорилтоо биелүүлж чадсан гэж дүгнэж байна.
 
Бид зөвхөн хөдөлгөөний аюулгүй байдал, ХАБЭА-н чиглэлээр бусад бүх чиглэлээр санхүүгийн, техникийн нөөцийн, барилга байгууламжийн гэх мэт бүхий л чиглэлээр эрсдэлээ үнэлж, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж хэвшээд байна. 2022 оны сүүлийн хагас жилд Замын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэлийн дундаж үнэлгээ 5.7 байсан бол 2023 оны эхний хагас жилд 6.6 болж нэмэгдсэн. Энэ нь бид эрсдэлээ илүү бодитойгоор үнэлж сурч буйн нотолгоо юм. Аюул, эрсдэлийг нуун дарагдуулах биш хамтдаа бодитоор үнэлж эрсдэлийг арилгахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах нь хаа хаанаа чухал.
 
Иймээс 2023 онд Тээврийн хяналт алба, чиглэл хариуцсан хяналтын байцаагч нар зөвлөн туслах, техникийн сургалтууд түлхүү зохион байгуулж ажилласан. Мөн хяналт шалгалтын “Е-норматив” программыг Мэдээллийн технологийн албаны программист инженерүүдийн хамт шинэчлэн боловсруулж гар утасны аппликейшн болгон хөгжүүлж бүрэн цахимжуулж чадсаныг дуулгахад таатай байна.
 
Бидний зорилго том, хүрэх цэг хол харагдавч хийж бүтээсэн зүйлүүд, хуримтлуулсан туршлага, алхам алхмаар урагшлах хамт олны хөдөлмөр зохих үр дүнгээ өгч жилээс жилд ахиц дэвшил авчирсаар байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бүхий санал, санаачилгуудыг дэмжин бодитой ажил хэрэг болгохыг зорьж байна.
 
Эх сурвалж: ЗТХЯ

Ш.Нямсүрэн: Аюулгүй байдлын эерэг соёлыг дэлгэрүүлж чадсанаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг бууруулах бүрэн боломжтой  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй