Польшийн машин тоног төхөөрөмжийн "Столарчик" компани Евро стандартын гал унтраах болон түргэн тусламжийн машиныг Монголд нийлүүлж байна.
Монгол Улс БНПУ хоёрын хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт уламжлалт түүхэн харилцаагаа хадгалж ирсэн. Социализмын үед хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байсан бөгөөд Дархан хотыг бүтээн байгуулахад польш мэргэжилтнүүд гар бие оролцож, өөрийн орны технологийн онцлог бүхий Дарханы Царууц тоосго, шохойн үйлдвэрийг байгуулж, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн залуусыг сурган дадлагажуулж байлаа. 1966-1985 онд Польшийн тусламжтайгаар Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Хархоринд нийт 9 үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Харин сүүлийн үед хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдээс дурдвал 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн 50 сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж”-ийн журмын дагуу Монгол Улсад олгохоор болсон байна. Ийнхүү “Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т 2017 оны 5 сард гарын үсэг зуржээ. Улмаар Нөхцөлт зээлийн 2018 оны 7 дугаар сард дуусгавар болсныг 2021 онд дахин сунгасан юм байна. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийлүүлэх зорилготой бөгөөд 28 жилийн хугацаатай, жилийн 0,15 хувийн хүүтэй мөн эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй тул Монгол Улсын хувьд маш ашигтай зээлд тооцогддог аж.
Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдээс Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг, Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжээд байгаа юм.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд Польшийн машин тоног төхөөрөмжийн "Столарчик" компани шалгарч, хамтран ажиллаж эхэлжээ. Энэхүү төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг 2019 онд ОБЕГ-т хүлээлгэн өгснийг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрууд хуваарилан өгч ашиглаж байгаа юм.
Мөн “Гамшгийн үеийн хөдөлгөөнт хээрийн эмнэлэг” төсөл нь гамшиг, нийтийг хамарсан ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалттай бөгөөд бүрэн болон хэсэгчилсэн байдлаар дэлгэгдэж гамшигт өртсөн нутаг дэвсгэрт нэг дор 35-50 нэрвэгдэгсдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.
Мөн тус компани өмнөх хамтын ажиллагааны туршлагад үндэслэн “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төсөлд хамтран ажиллаж эмнэлгийн тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглосон, Монгол орны эрс тэс цаг агаарт тэсвэртэй 33 ширхэг түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. Түргэн тусламжийн машины эхний хэсэг нь Монголд хэдийнээ ирээд байгаа бөгөөд тусгай нэмэлт тоноглолыг суурилуулж, угсарсны дараа хүлээлгэн өгөх юм байна.
Бид манай улсад нийлүүлж байгаа гал унтраах болон түргэн тусламжийн машиныг үйлдвэрлэгч Польшийн “Столарчик” группын захирал Мирослав Столарчикээс хамтын ажиллагааны талаар асууж тодруулсан юм.
-Та юуны өмнө "Столакчик" (STOLARCZYK) группынхээ тухай товч танилцуулна уу?
-"Столакчик" групп нь одоогоор автомашины үйлдвэрлэл, металл үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбарт боржин чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн 3D хэвлэл, орчны бохирдлыг хэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг өөр өөр салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг дөрвөн компаниас бүрддэг групп юм.
Таныг автомашин зохион бүтээгч гэж сонссон. Яагаад автомашин сонирхох болсон бэ. Танай үйлдвэрт үйлдэрлэж байгаа машинуудыг та өөрөө зохион бүтээсэн үү?
-Тийм ээ, би зохион бүтээгч. Гэхдээ автомашины загварын хувьд миний болон ажилчдын маань хамтын хүчин чармайлт гэдгийг хэлмээр байна. Миний олон санааг загвар зохион бүтээгч нар маань амьлуулж өгдөг. Энэ бол маш их хөдөлмөр шаарддаг нарийн төвөгтэй ажил юм.
-Танай компани өмнө нь Монгол орны эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмж тоноглосон орчин үеийн гал унтраах машинуудыг Монгол Улсад нийлүүлж байсан. Монголын нөхцөлд тааруулан тоноглоход ямар онцлогтой байсан бэ?
-Энэ бол загвар дизайны томоохон сорилт байсныг би хүлээн зөвшөөрөх ёстой. Монголын эрс тэс температурын зөрүү нь биднийг янзын бүрийн цаг агаар, уур амьсгалын өөр өөр орчин нөхцөлд ажиллахад тохирсон тээврийн хэрэгслийг зохион бүтээхэд хүргэсэн. Миний мэдэж байгаагаар, бидний хийсэн шийдлүүд Монголд маш сайн ажиллаж байгааг дурдахад таатай байна. Хэдийгээр бид хийсэн загвартаа маш их сэтгэл хангалуун байгаа ч ирээдүйд дахин боломж гарч ирвэл илүү сайн шийдлүүд бүхий тээврийн хэрэгсэл бүтээх олон санаа байсаар байна.
Гадаадын бусад улсад орнуудад машин, тоног төхөөрөмж нийлүүлж ажилладаг уу?
Тийм ээ, манай автомашиныг Хятад, Вьетнам зэрэг Азийн орнууд мөн Ирак, Конго болон Герман, Исланд зэрэг Европын орнуудад авч ашигладаг. Түүнчлэн манай компанийн бусад бүтээгдэхүүнийг ч гадаад орнуудад өргөн хэрэглэдэг.
-Танай компанийг ихэнхдээ гал түймэр унтраах зориулалттай машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг гэж ойлгодог. Энэ удаад манай улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний машинуудыг нийлүүлж байна. Яагаад Монголд эмнэлгийн тусламж үйлчилгээний машин нийлүүлэх төсөлд оролцохоор шийдсэн бэ?
-Монгол Улсын ОБЕГ-аас Польшийн гал унтраах машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбоо тогтоох хүсэлтийг уламжлан Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-аас бидэнтэй холбогдсон юм. Бид энэхүү хүсэлтийг хүлээн авч Монгол Улсад очиж, ОБЕГ-ын тухайн үеийн удирдлагад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Түүнээс хойш бидний харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн гэж болно. Тухайн үед Польш дахь Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан хадагтай Н.Мөнхтуяа бидний ажилд ихээхэн туслалцаа үзүүлсэн. Хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд бид Монгол Улсын ОБЕГ-т гал унтраах 15 машиныг амжилттай хүлээлгэн өгсөн. Улмаар хамтын ажиллагаа маань өргөжиж Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд түргэн тусламжийн машин нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Бид тусгай зориулалтын машин үйлдвэрлэдэг тул энэ төсөл манай компанийн хувьд тийм ч хэцүү байгаагүй. Эдгээр түргэн тусламжийн машин нь Евро стандартад нийцсэн төдийгүй өмнө нь Монголд нийлүүлсэн машиныхаа туршлагад тулгуурлан цаг уурын хүнд нөхцөлд үр дүнтэй ажиллах зориулалттайгаар зохион бүтээсэн тул маш сайн чанартай болж чадсан гэж бодож байна. Жишээ нь галын машины үндсэн эх биеийг ямар ч гагнаас оруулалгүй цутгаж хийсэн гэдгээрээ давуу талтай.
-Монголд анх удаа Евро стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээний машинуудыг нийлүүлж байгаагийн хувьд эдгээр машины онцлог, давуу талын тухай хэлж өгнө үү?
-Манай компани энэхүү түргэний тэргийг MAN–тай хамтран үйлдвэрлэсэн бөгөөд бусад үйлдвэрүүдээс шаардлагатай тоног төхөөрөмжийг авч тоноглосон. Мөн Монгол орны цаг агаарын онцлогт тусгайлан зориулсан материал ашиглаж, энгийн автомашинаас өөр үйлдвэрлэлийн технологийг нэмж хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Түргэн тусламжийн машины арлыг хийхдээ тусгай зориулалтын галд тэсвэртэй модоор тусгаарлаж өгснөөр халуунд халахгүй, хүйтэнд дулаан алдахгүй сайн шийдэл болж өгсөн. Ингэснээр машин маань бат бөх болсны дээр өвчтөн, эмч, эмнэлгийн ажилтан, жолоочийн тав тухыг бүрэн хангаж чадсанаараа давуу тал болж чадсан. Эдгээр түргэн тусламжийн машин маань шаардлагатай тусламж үйлчилгээгээ үзүүлж, Монголын олон хүний эрүүл мэндийг авран хамгаална гэж найдаж байна.
-Танай компани эдгээр түргэний машиныг "Ковид 19" цар тахлын үед үйлдвэрлэсэн гэсэн. Бүх хил хаалттай, үйлдвэр компаниуд ажиллахгүй байсан тэр үед энэ бэрхшээлийг хэрхэн даван туулсан бэ?
-"Ковид-19" тахал энэ төслийг хэрэгжүүлэхэд олон саад тотгор учруулсан нь үнэн. Гэсэн хэдий ч ажилчдын маань тууштай байдал, бизнесийн түншүүдтэйгээ сайн хамтран ажилласны үр дүнд бид тэдгээр бэрхшээлийг даван туулж, гэрээний хэрэгжилтээ хангаж, үүргээ сайн биелүүлж чадсан.
-Танай компани Монголд өөрийн төлөөлөгчийн газар байхгүй тул төслийн гэрээ хэлэлцээр, төсөл хэрэгжүүлэхэд Монголын талтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Тийм ээ, манай компани Улаанбаатар хотноо өөрийн төлөөлөгчийн газаргүй тул төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой асуудалд хадагтай Н.Мөнхтуяа бидэнд дэмжлэг үзүүлэн ажилласанд талархаж явдаг. Түүний оролцоо дэмжлэггүйгээр бид уг төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах боломжгүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Төсөл хэрэгжүүлэх явцад мэдээж хэрэг хүндрэлтэй асуудлууд нэлээд гарч байсан ч тэр болгон дээр талууд харилцан яриа хэлэлцээ хийж, техник, технологи, тоног төхөөрөмж, тэдгээрийн үзүүлэлт стандарт зэрэг асуудлуудаар нарийвчлан тохиролцож төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Энэ ялдамд Польш дахь Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан хадагтай Н.Мөнхтуяа, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, мэргэжилтэн Б.Сансармаа болон Улаанбаатар дахь БНПУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Стефан Хейнович нарт гүн талархал илэрхийлье.
Томоохон хотуудын жишгээр 10 мянган хүн тутамд нэг түргэн тусламжийн машин байх ёстой боловч манай улсын хувьд түргэний машины хүрэлцээ хүртээмж бараг 50 хувиар бага байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд яаралтай түргэн тусламж дуудлага өгснөөс хойш 20 минутын дотор очих стандарттай ч түргэний машины хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэлээс шалтгаалж нэг цаг болон түүнээс ч илүү хугацаа зарцуулж байгаа юм. Иймд “Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-ийн дагуу Польшийн "Столакчик" компанийн нийлүүлж байгаа 33 түргэн тусламжийн машин нь хот, хөдөөгийн иргэдэд яаралтай тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлэхэд хувь нэмрээ оруулах биз ээ.
“Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-ийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих бусад төслүүдийн талаар товч дурдвал Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төслүүд хэрэгжих шатандаа явж байгаа аж.
Евро стандартын түргэн тусламжийн машиныг Монголд ашиглана | ||
Үзсэн: 4430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.