Шууд Chart

Жендэрийн мэдрэмжтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөхөд анхаарах асуудлын талаар санал солилцов

2023-12-07 14:26:06

Онцгой байдлын ерөнхий газраас Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник, технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар оролцож, үг хэллээ.

Хурандаа Д.Намсрай хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд гамшиг, аюулт үзэгдлийн төрөл, цар хүрээ, эрчим, давтамж жилээс жилд өсөн нэмэгдэж улс орнуудын тогтвортой хөгжил төдийгүй улс орны эдийн засаг, аж үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Хөгжиж буй 140 гаруй оронд явуулсан судалгааны үр дүнгээс гамшиг аюулт үзэгдлийн улмаас хохирогчдын тоо өссөөр байгаагийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд гамшигт илүү их өртөж, амь насаа алдах нь эрэгтэйчүүдээс 14 дахин их байна гэсэн статистик тоо гарсан байна. Тиймээс гамшгаас хамгаалах эрх зүй, бодлого орчныг сайжруулах, гамшгийн эрсдэлийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, одоогийн байгаа эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад салбар дундын зохицуулалтаар хангах, бүх талуудын оролцоо, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чиг хандлагыг техник технологийн хөгжүүлэлт, ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах хэрэгцээ шаардлага бий болж байна” гэлээ.

Харин НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи “Уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдэл, цаг уурын аюулын давтамж, эрчмийг нэмэгдүүлэн нөлөөлж байна. НҮБ-ын Хүн амын сангаас ОБЕГ-тай хамтран алба хаагчдыг чадавхжуулах, хүмүүнлэгийн болон яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажилласан нь чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эрдэмтэд, судлаачдын эрдэмтэд, судлаачдын хувь нэмрийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологиудыг нэгтгэх, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийг хангах зэрэг үндсэн чиглэлд анхаарлаа хандуулахыг уриалж байна” хэмээн онцолсон юм.

Хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хорооны холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, жендэрийн мэдрэмжтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөхөд анхаарах асуудлын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Жендэрийн мэдрэмжтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөхөд анхаарах асуудлын талаар санал солилцов  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй