Шууд Chart

Ч.Марал-Од: Өөрөө үнэнч, өөртөө эзэн байгаад явахад аяндаа бүх зүйл тэгширдэг

2024-03-05 18:46:55

Жанжин клубын ёочин хөгжимчин, СТА Ч. Марал-Одыг "Редакцийн зочин" буландаа урьж ярилцлаа.

-Манай уншигчдад та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Намайг Чойжилсүрэнгийн Марал-Од гэдэг. Би Ховд аймгийн Эрдэнэмандал суманд гал тамгатай, ганзага имтэй Галдан Бошигт хааны үр сад болж төрсөндөө бахархдаг. Одоо ээж, охинтойгоо амьдардаг. Би 2008 онд Хөгжим бүжгийн коллежийг ёочин хөгжимчнөөр төгсөөд, СУИС-д үргэлжлүүлэн суралцсан. Ингээд 2012 онд гоцлол хөгжимчин, багш мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Яг энэ хөгжимтэй холбогдсон цагаас хойш 22 дахь жилдээ суралцаад явж байна.

-Анх хөгжмийн урлагт хэрхэн яаж хөл тавьж байсан бэ?

-Хөгжмийн урлагт хөл тавих болсон шалтгаан маань ээжтэй минь холбоотой. Манай ээж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Дуу хөгжмийн багш байсан. Ер нь манай гэр бол үргэлж дуу хуур цалгисан гэр байдаг байлаа. Би багадаа дуулдаг хүүхэд байсан. Бидний багад “Яргуй”, “Страдын дуучин” гэх мэт тэмцээн их болдог байлаа шүү дээ. Тэдгээр тэмцээнд ээж маань намайг бэлдэнэ. Аймгаасаа шалгараад хот руу ирж тэмцээнд оролцоод байр эзэлж байсан. Аав, ээж хоёрын маань мөрөөдөл намайг дуучин болгох байлаа. Дуучин болох юм чинь багаасаа нот мэддэг, хөгжим мэддэг болох ёстой гээд л ээж, аав хоёртойгоо зөвлөлдөж байгаад Хөгжим бүжгийн сургуульд элсэн орж байснаа одоо тодхон санаж байна.  

-Хөгжимчин байхын сайхан болон саар тал нь юу вэ?

-Мэдээж сайн тал нь илүү их л дээ. Хүмүүст дандаа сайн сайхан аялгуу сонсгоно. Хүмүүсийн баяр,  жаргалтай мөчүүдийг нь хуваалцаж, уран бүтээлээ хүргэдэг учраас их сайхан санагддаг.

Саар гэвэл ажил мэргэжлийн онцлогоос болоод баярын өдрөөр ч юм уу гэрийнхэнтэйгээ хамт байж чаддаггүй. Гэр бүлдээ гаргах цаг жаахан хомс байдаг.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-Бодсон, төлөвлөсөн зүйл их бий шүү. Гайхалтай том тайзан дээр Монголынхоо үндэсний хөгжмийг дэлхийд таниулахыг хичээдэг. Монголчууд морин хуур хөгжмөө мэддэг шиг ёочин хөгжмийг ч гэсэн таньж мэдээсэй гэж хүсэж байна. Ёочин хөгжмөөр ийм бүтээлийг ингэж тоглож болдог юм, дэлхийн сонгодогуудыг ч тоглож болдог гэдгийг хүүхэд, залуустаа харуулж, мэдүүлэхийг хүсэж байна.

-Зарим хөгжимчин олон хөгжим дарж чаддаг шүү дээ. Таны хувьд?

-Би ерөнхийдөө ёочин хөгжмөөр дагнаад суралцчихсан. Хөгжим бүжгийн сургуульд суралцаж байхад хажуугаар нь бид нарт төгөлдөр хуурын хичээл ордог байсан л даа. Бүр мэргэжлийн өндөр түвшинд биш ч гэсэн төгөлдөр хуур хөгжмийг тоглодог.

Ямар нэгэн арга хэмжээ, баяр ёслолд ёочин хөгжмөө дагнан тоглодог доо.

-Дуучин болгох мөрөөдөлтэй охин нь хөгжим рүү эргэлт буцалтгүй “орчихоор” ээж, аав нь хэрхэн хүлээж авсан бэ?   

- Аавын маань мөрөөдөл намайг дуучин болгох байсан. Би өөрөө ч дуулах сонирхолтой байж хөгжимд илүү дурлачихсан юм. Тэгээд ээж, аавдаа хэлээд би хөгжмөө сонсгосон л доо.

Би 2021 онд  “Vivace” гээд өөрийнхөө бие даасан тоглолтыг хийсэн. Ковидын үед би аавыгаа алдчихсан юм. Тэгээд дараа нь аав маань юу гэдэг байлаа гээд их боддог юм билээ.

Тоглолтдоо аав, ээждээ зориулаад хоёр дуу дуулсан. Өмнө нь дуугаар суралцаагүй юм чинь дуулаад хэрэггүй байх гэж боддог байлаа. Одоо бол хөгжмөө тоглоод, дуулъя гэж бодож байна. Энэ удаагийн тоглолтынхоо нэг сюрпризийг задлахад өөрийн гэсэн дууны шинэ уран бүтээлтэй болсон.   

-Дууны хувьд анхны уран бүтээл нь гарч байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Цаашид хослуулаад уран бүтээлээ хийгээд явна гэсэн зорилго тавьсан. 22 жилийг хөгжмийн урлагтай хамт өнгөрүүлсэн болохоор одооноос “хос морьтой” давхихыг хүсэж байна.

-Тэмцээн, уралдаанд хэр их орж байв?  

-Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхаасаа эхлээд уралдаан, тэмцээнд их оролцсон доо. Багш нар маань биднийг сайн хөгжүүлж, сайн хөгжимчин болгохын тулд зохиогдож байгаа бүхий л арга хэмжээнд бэлдэж оролцуулдаг байсан юм.

Буриадад зохион байгуулагддаг “Найдал” уралдаанд 2008 онд орж тусгай байр эзэлсэн. 2012 онд Мөрдорж гуайн нэрэмжит үндэсний хөгжмчдийн улсын уралдаанд 3-р байр эзэлж байлаа. Мөн 2018 онд Нэрт ёочинч Монгол Улсын Гавьяат багш Дашдаваа багшийн нэрэмжит олон улсын тэмцээнд 3-р байр эзэлсэн. Ер нь аль болох уралдаан, тэмцээнд өөрийгөө “сойж” бүх чадлаа дайчлан оролцохыг их хичээдэг дээ.

- МУСТА цол тэмдгийг хэзээ хүртсэн бэ?

-2018 онд МУСТА цол тэмдэг хүртэж байсан. Энэ үед “Улаанбаатар чуулга”-д хөгжимчин байлаа. Энэ чуулгадаа 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан юм. Одоо “Улаанбаатар театр” нэртэй болсон.  

2023 оноос хойш БЗД-ийн Соёлын ордон буюу “Жанжин клуб”-т ажиллаж байна. Манай клубын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойдоо зориулаад удахгүй бас бэлэг болгоод тоглолтоо хийх гэж байгаа.

-Тоглолтынхоо талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?  

-Гуравдугаар сарын 6-нд “Хүн театр”-т “Strings_144” нэртэй бие даасан 4 дэх тоглолтоо үзэгч түмэндээ хүргэх гээд бэлтгэлдээ орчихсон явж байна.

-Тоглолтын нэр ямар утга учир агуулж байна вэ. Содон санагдлаа?  

-Ёочин хөгжим бол 144 төмөр чавхдастай байдаг. Би “144 төмөр чавхдас” гэж тоглолтоо нэрлэсэн юм. Энэ төмөр чавхдасаас ямар аялгуу эгшиг ундардгийг үзэгчдэдээ харуулахыг хичээж байна. Тоглолт гурван хэсгээс бүрдэж байгаа. Эхнийх нь үндэсний хөгжим, ардын болон уламжлалт хэв маягаараа миний хөгжим ингэж дуугардаг гэдгийг үзүүлнэ.  

Хоёрдугаар хэсгийг сонгодог болоод мэргэжлийнх гэж нэрлэж болно. Энэ хэсэгт төгөлдөр хууртай бүтээлүүд тоглогдоно. Дэлхийн сонгодог бүтээлүүдээс ёочин хөгжимчний ур чадвараа гарган тоглоно. Үүний араас битбокстой хамтарсан номерууд үзүүлнэ.

Гуравдугаар хэсэгтээ бөмбөртэй, хэмнэлтэй хөгжим сонсгох болно. Үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхүйц шинэчилсэн найруулгатайгаар тоглолтоо хийхийг зориод, бэлдээд явж байна. Тоглолтод маань гайхалтай сайхан уран бүтээлчид уригдан оролцож байгаа.

-Би хувьдаа хөгжимчин хүнийг их гэгээлэг ертөнцтэй гэж бодож явдаг. Та яг ямар хүн бэ?  

-Урлагийн хүмүүс их гэгээлэг байдаг шүү дээ. Би өөрөө өөртөө үнэнч байхыг хичээдэг. Мэдээж эмэгтэй хүн, уран бүтээлч хүнд заримдаа шантрах тохиодол бий. Хэн нэгнээс муухай үг сонсох, бусадтай буруу ойлголцох гээд асуудал тулгардаг л юм. Би тэр үед өөрөө үнэнч, өөртөө эзэн байгаад явахад аяндаа бүх зүйлс сайхан болно гэж өөртөө хэлдэг.  

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Ч.Марал-Од: Өөрөө үнэнч, өөртөө эзэн байгаад явахад аяндаа бүх зүйл тэгширдэг  
Үзсэн: 4754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-10 13:44
Сэтгэлээ тогтуун байлгавал
Зочин [127.0.0.xxx] 2024-03-06 00:48
Bagiin auyastai mundag ohin baisan shvv
Tuya [127.0.0.xxx] 2024-03-05 21:46
Mundag aviyastai ohindoo... Mash tom amjilt husiy
Зочин [127.0.0.xxx] 2024-03-05 21:14
Амжилт хүсье ээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-05 19:46
Эрдэнэбүрэн сум шүү

Бидэнтэй нэгдээрэй