
AR технологи хүүхдийн номын санд нэвтэрснээр ямар давуу талтай вэ?
Аж үйлдвэрийн 4-р хувьсгал явагдаж, салбар бүрд цахим технологи хурдацтай хөгжин буй сүүлийн үед номын сангийн үйлчилгээнд ч мөн адил Augmented Reality (AR) технологи эрчимтэй нэвтэрсээр байна.
Augmented Reality (AR) технологи гэдэг нь бодит орчинд компьютерын аргаар аливаа график, дүрс, видео, текст, дуу чимээг хослуулж, холимог дүрслэл үүсгэх технологи юм. Анх 2016 онд Augmented Reality (AR) технологи дээр суурилсан “Pokémon Go” тоглоом зах зээлд гарч хоёр сарын дотор 45-н сая идэвхтэй хэрэглэгчтэй болсноор уг технологи дэлхий даяар алдаршсан байна. Энэхүү технологи нь хэрэглэгчдэд виртуал объект, мэдээллийг бодит ертөнцийн нэг хэсэг мэт харж, харилцах боломжийг олгодог тул танилцуулагдсан даруйдаа худалдаа, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн салбарт түлхүү ашиглагдаж эхэлжээ.
Харин хүүхдийн номын сангийн үйлчилгээнд энэхүү Augmented Reality (AR) технологи ашиглагдаж эхэлснээр ямар давуу талтай вэ? Энэхүү асуултын хариуг хайхаар “Соёл, спорт, аялал жуулчлалын яам”-ны харьяа “Солонгосын Үндэсний Хүүхэд Өсвөр насныхны Номын Сан”-г зорин очсон юм. Уламжлалт номын сангаас ялгаатай нь энд хүүхдүүд зөвхөн уншлагын танхим дотор ном уншаад суух биш, уран зохиолын болон шинжлэх ухааны хийсвэр ойлголтыг бодитоор харж, мэдэрч, туршиж байгаа нь анхаарал татлаа. Тэд номын сангийн таблетыг ашиглаж, бодит ертөнцөд бий болгосон үлгэрийн орны баатруудтай харилцаж, AR технологиор баяжуулсан олон төрлийн сонирхолтой даалгаврыг гүйцэтгэж, нэг ёсондоо номын ертөнц рүү “шумбан” орох аж.
Тодруулбал, хүүхдийн номын сангийн B1 давхарт байрлах AR мюзиклийн танхимд хүүхдүүд “Алдагдсан номын эрэлд” сэдэвтэй мюзиклийг үзэнгээ хөдөлгөөнт төхөөрөмж дээр суурилуулсан AR технологиор дамжуулан далайн загастай хамт алдагдсан номыг хайх эрэлд гарч, ховор төрлийн далайн амьтадтай нэг бүрчлэн танилцах боломжтой байна. Номын сангийн 2 давхарт “Үлгэрийн баатрууд амилсан нь” нэртэй театр байх бөгөөд энд хүүхдүүдийг үлгэр домгийн баатруудтай нүүр тулан уулзах орчинг бүрдүүлжээ. Харин 4 давхарт хүүхдүүд “Аюулаас найзыгаа аваръя” гэх тусгай даалгаврыг AR технологиор дамжуулан биелүүлэх бөгөөд, номын сангийн булан бүрд байрлах 8 газрыг хайж очин, аюулд өртсөн найзыгаа аварснаар тоглоомын даалгавар дуусаж, шагналд нь аварсан найзынхаа зурагтай амилдаг AR картыг бэлэг болгон авдаг байна.
Үүнээс гадна номын сангийн таблетыг ашиглан хүүхдүүд зурагт номон доторх үлгэрийн баатрын дүрд хувирч, хүний зүрхний бүтэц, галт уулын дэлбэрэлт гэх мэт эрүүл мэнд, шинжлэх ухааны ойлголтыг бодитоор харахаас гадна, мөн англи хэлээ сайжруулах дасгалуудыг ч хийх боломжтой аж.
Ийнхүү боловсролын салбар, тэр дундаа хүүхдийн номын сангийн үйлчилгээнд AR технологи нэвтэрснээр шинэ үеийн хүүхдийн ном унших хүсэл сонирхлыг өдөөж, ном уншсаны дараах мэдлэгийг бататгахад эерэг нөлөөтэй байна. Ялангуяа 2010 оноос хойш төрсөн Альфа үеийн хүүхдүүдийн хувьд технологи, ухаалаг утас, таблет, компьютертой багаасаа танилцаж, ашиглаж эхэлсэн тул мэдээлэл хүлээн авах арга зам, мэдлэгээ хоногшуулах чадвар нь одоогийн томчуудаас ялгаатай болж. Тэдний ялгарал бол аливаа зүйлийг заавал бодит мэт дүрсэлж харж байж тухайн мэдээллийг мэдлэг болгох сонирхолтой ба хамтдаа суралцаж, бие биедээ нөлөө үзүүлэхийг эрмэлздэг онцлогтой байна.
Тиймээс цахим технологийн шилжилтийн дагуу, шинэ үеийн хүүхдүүдийн танин мэдэхүй сэтгэхүйн хөгжилд зориулж, дэлхийн олон орны хүүхдийн номын сангууд AR технологиор баяжуулсан, хүүхдийн оролцоот хөтөлбөрийг номын сангийн үйлчилгээндээ ашиглаад эхэлжээ.
Эх сурвалж:
Олон Улсын Номын Сангийн Холбоо
Солонгосын Үндэсний Хүүхэд Өсвөр насныхны Номын Сан
AR технологийг нэвтрүүлсэн Солонгосын үндэсний хүүхдийн номын сан | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.