Шууд Chart

НҮБ: 2023 онд Ази тив байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн хүнд нэрвэгдэв

2024-04-25 11:09:28

НҮБ-ын харьяа Дэлхийн цаг уурын байгууллагаас өнөөдөр нийтлүүлсэн тайлан илтгэлд, Ази тивийг өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүнд нэрвэгдсэн бүс нутгаар нэрлэсэн байна. Үер ус, хар салхи, дээрээс нь аагим халуу шатсан цаг агаар Ази тивд өнгөрсөн оны туршид учирсан хүн амины эрсдэл, эдийн засгийн хохирлын гол шалтгаан болжээ.

Өнгөрсөн жил дэлхий даяар хэт халалт шинэ дээд үзүүлэлтэд хүрч нэмэгдсэн, тэр дундаа Ази тивд уур амьсгалын дулаарал онцгой эрчимтэй явагдаж байна гэдэг дүгнэлтийг НҮБ-ын Цаг уурын агентлаг танилцууллаа. Азийн цаг уурын байдал нэртэй энэ тайланд орсон дүгнэлтүүд “сэтгэл өвтгөм дүр зураг харуулж байгааг” энэ байгууллагын тэргүүн Селесте Сауло  онцолжээ. 2023 онд Ази тивийн хөрсөн дээрх температурын жилийн дундаж үзүүлэлт хяналт ажиглалт явуулсан түүхэнд хоёрт орох түвшинд хүрч, 1991-2020 оны хоорондох дунджаас цельсийн 0,91 градусаар их, харин 1961-1990 оны хоорондох дунджаас 1,87 градусаар давсан дүн үзүүлжээ.

Азийн өргөн газар нутгийг хамарсан хэт халалтын нөлөөгөөр бүс нутгийн ирээдүйн усны аюулгүй байдалд аюул заналхийлэх хэмжээнд мөстлөгүүд хайлсан байна. Төвдийн өндөрлөг дэх Азийн уулархаг район туйлын мөстлөгөөс гаднах мөсөн хуримтлал хамгийн арвинтай бүс гэж явдаг. Гэвч ДЦУБ-ын тайлангаар, сүүлийн хэдэн арван жилд энэ мөстлөг хурдацтайгаар багасжээ. Тухайлбал, энэ бүс нутагт хяналт ажиглалт явагддаг 22 мөстлөгийн 20 нь өнгөрсөн оны турш тасралтгүй хорогджээ.

Мөн 2023 онд Номхон далайн баруун хойд хэсгийн усны гадаргуугийн температур хяналт ажиглалтын түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг дурдсан байна. Улмаар байгаль цаг уурын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг албаныханд бүс нутгийн орнуудын ус цаг уурын байгууллагуудын зүгээс бүс бүсчлэлийн онцлог бүхий мэдээллээр шуурхай хангах чадамжаа сайжруулах нь зүйтэй гэж анхааруулжээ. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, өөрчлөгдөж байгаа уур амьсгалд дасан зохицохыг зүгээр нэг шийдэл, зайлшгүй тулгамдаж буй шаардлага гэдгийг цохон дурджээ. Тодруулбал, өнгөрөгч 2023 оны туршид Ази тив даяар нийт 79 удаа устай холбоотой гамшиг сүйдэл тохиолдсоны 80 гаруй хувь нь үер, хар салхинаас үүдэлтэй, тэдгээрт 2000 гаруй хүн амь эрсдэж, 9 сая гаруй хүн шууд нэрвэгдсэн гэдэг тооцоо гарсан байна. Өнөөдөр гэхэд Сувдан мөрний бэлчир дагуух Хятадын өмнөд бүсэд аадар бороо, үерийн гамшгийн улмаас 100 мянга гаруй хүн нүүлгэн шилжүүлэлтэд өртөөд байгаа цаг үед НҮБ-ын энэ агентлагийн тайлан мэдээ гарч таарч байна. Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд энэ үерийг “сүүлийн зуун жилд үзэгдээгүй” түвшинд хүрснийг мөн мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: 2023 онд Ази тив байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн хүнд нэрвэгдэв  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй