Халуун орны хар шуурга Тайфү 5 /Мария/ ойрын хэдэн цагт Японы зүүн хойд бүс нутгийг /Тохоку/ дайрах төлөвтэй байна.
Үүний улмаас Иватэ, Мияги, Аомори мужид ялангуяа Номхон далай дагасан бүс нутгуудаар ширүүн бороо орж болзошгүйг Цаг агаарын албанаас анхааруулж байна.
Даваа гарагийн шөнөөс өглөөний 6 цаг хүртэл Иватэ мужийн Күжи хотод 357.5 мм бороо орсон нь Цаг уурын байгууллагын статистик мэдээлэл авч эхэлснээс хойших рекорд үзүүлэлт юм.
Ширүүн борооны улмаас Иватэ мужид хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул “хөрс гулгалтын аюулаас сэрэмжил” гэсэн анхааруулга гарчээ.
"Тайфү" салхи Мияги мужийн далай дээгүүр баруун тийш нүүж байснаа эх газрыг нэвт дайрч гарна гэж цаг уурын албанаас үзэж байна.
Японы хойд хэсгээр даваа гарагаас эхлэн аадар бороо орж, мягмар гарагт хүчтэй аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Бороо мягмар гарагийн өглөө хүртэл 300 мм, дараагийн 24 цагт нэмж 150 мм орохоор байгаа нь наймдугаар сарын турш ордог хур тунадастай дүйж байна.
Өнгөрсөн сард дээд амжилт тогтоосон хур тунадастай байсан Япон Тэнгисийн эрэг дагасан Тохоку бүс нутагт дахин удаан хугацаагаар ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Хоккайдод мөн ширүүн бороо орж, Японы хойд нутгаар хүчтэй салхи шуургатай байна.
Далайн давалгаа Тохоку бүсийн эрэг дагуу 7 м, Хоккайдогийн эрэг дагуу 6 м-т хүрэх магадлалтай.
Цаг агаарын албанаас хөрсний гулгалт үүсэх, нам дор газар руу үер буух, гол мөрөн эргээсээ халих аюултай байгааг анхааруулж байна.
Мөн иргэдийг хүчтэй салхи, хүчтэй давалгаа, аянга цахилгаан, хуй салхинаас сэрэмжтэй байхыг уриалжээ.
Цаг уурын албанаас иргэдэд хандан “Бат бөх байшин барилгад хоргодож, ширүүн борооны эсрэг аюулгүй байдлын зохих арга хэмжээг авах, шуурганы замд өртөх нутгуудад ч бороо, салхи гэнэт ширүүсэх магадлалтайг анхаарах, үер болж байх үед нүүн шилжих нь аюултай бөгөөд олон хүн ингэснээс болж нас бардгийг анхаарах, хадан цохио, хавцалаас хол байж, аюулгүй байдлаа хангах”-ыг зөвлөжээ гэж Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
“Тайфү 5” хар шуурга Японы зүүн хойд бүс нутгийг дайрна | ||
Үзсэн: 253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: