Шууд Chart

2017-2023 оны хооронд гадаад өр, зээлээ төлөхөд 5.6 тэрбум ам.доллар шаардагдана

2014-09-02 09:48:52

Сангийн яамнаас гаргасан судалгаагаар манай Засгийн газар 1990-2013 оны хооронд олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас нийт 2.8 тэрбум ам.долларын гадаад зээл авч ашиглажээ. Үүний 1.3 тэрбум ам.долларын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулсан байна. Харин үлдэх 2.2 тэрбум ам.долларыг /хүүгийн хамт/ зээлдэгчдэд 2052 он хүртэл шатлалтайгаар төлөх юм. 

Засгийн газрын гадаад өрийн үлдэгдлийн  27.9 хувийг Азийн хөгжлийн банкны зээл, 21.7 хувийг Дэлхийн банкны зээл, гурван хувийг Олон Улсын Валютын сангийн зээл, 1.6 хувийг Нордикийн хөгжлийн сангийн зээл, нэг хувийг Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээл, харин 42.8 хувийг гадаад улс орнуудаас авсан зээл эзэлж байна. Тэдэнд төлөх зээлийн төлбөр 2022 он хүртэл тогтмол өсөх бол, 2023 оноос аажмаар буурах тооцоог Сангийн яам гаргажээ.


Манай улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 2.8 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас авч ашигласан бол, үүнтэй дүйцэх хэмжээний өрийг гуравхан жилийн хугацаанд тавьсан байх юм. Тодруулбал, Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд 580 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ бондыг Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан учир хуулиараа “улсын өр”-д тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банк” бондын төлбөрөө төлж дийлэхгүйд хүрвэл, хариуцлагыг нь Засгийн газар хүлээх юм. Засгийн газрын өрд тооцогдож буй энэ бондын хүүг жил бүр төлөх бол, үндсэн төлбөрийг 2017 оны гуравдугаар сарын 21-нд буцаан төлөх ёстой юм. 


УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа өөрийн бондыг дэлхийн зах зээлд гаргаж арилжаалсан. Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд нэг тэрбум ам.долларын бондыг арван жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй гаргасан бол, 2013 оны нэгдүгээр сарын 5-нд 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэй гаргажээ. “Чингис” хэмээн нэрийдсэн 1.5 тэрбум ам.долларын бондын хүүгийн төлбөрт өнгөрсөн онд 63.3 сая ам.доллар төлжээ. Энэ мэт жил бүрийн зургаа болон арванхоёрдугаар сард хөрөнгө оруулагчдад бондын хүүг төлөх ёстой. Ингэж явсаар 2018 оны нэгдүгээр сарын 5-нд таван жилийн хугацаатай бондын үндсэн төлбөрийг, 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд 10 жилийн хугацаатай бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой юм.


Хөгжлийн банк 2013 оны сүүлчээр Японы зах зээлд 30 тэрбум иений бонд арилжаалсан. “Самурай” хэмээн нэрийдсэн энэ  бондод Монгол Улсын Засгийн газраас гадна, Японы хамтын ажиллагааны банкны баталгаа гаргасан. 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй энэ бондыг өнгөрсөн оны сүүлчээр гаргасан ч, орлого нь энэ оны нэгдүгээр сарын зургаанд манай улсад орж ирсэн. Ингэхдээ бондын орлогоос 5.7 тэрбумын иен дутаж, Монгол Улсад 24.3 тэрбум иен орж ирсэн юм. Бондын орлогоос дутсан мөнгийг Японы хамтын ажиллагааны банкны баталгааны төлбөрт суутгуулсан гэж Хөгжлийн банкны удирдлага мэдэгдэж байгаа. Дундаасаа дутсан уг бондын үндсэн төлбөрийг 2023 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хийх ёстой юм.


Монголбанк 2011 оны тавдугаар сарын зургаанд БНХАУ-ын ардын банктай төгрөг, юань солилцох своп хэлцэл байгуулсан. Үүгээр Хятадын төвбанкнаас 5 тэрбум юань авч, оронд нь түүнтэй тэнцэх 1 их наяд төгрөгийг нийлүүлэхээр тохиролцсон юм. Гэхдээ 2012 оны гуравдугаар сарын 20-нд энэ гэрээнд өөрчлөлт оруулж, Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 10 тэрбумд хүргэж, төвбанкнаас нийлүүлэх төгрөгийг 2 их наядад хүргэсэн юм. Тэгвэл саяхан БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хоёр өдрийн айлчлал хийх үеэр Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 15 тэрбумд хүргэлээ. Своп хэлцэл гурван жилийн хугацаатайг Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийнхэн хэлсэн. Хэрэв Хятадын ардын банкныхан манайтай байгуулсан своп гэрээний хугацааг дахин сунгахгүй гэвэл, 2017 онд тус банкинд 15 тэрбум юань өгч, нийлүүлсэн төгрөгөө эргүүлэн авах ёстой болох нь.

Эдгээр тоо баримтаас харахад, манай улс гаднаас авсан өр зээл, төлбөрөө төлөхөд 2017-2023 оны хооронд их хэмжээний валют шаардагдах нь. Тухайлбал, олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас авсан хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөд 2017-2022 оны хооронд 880 орчим сая доллар зарцуулах нь. Үүнээс гадна, 2017 онд хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын үндсэн төлбөрийг хийх ёстой. Мөн онд Хятадын ардын банкинд 15 тэрбум юанийг эргүүлэн өгч магадгүй байна. Энэ нь өнөөгийн ханшаар 2.4 тэрбум ам.доллар болж байгаа юм. Үүний дараа жил Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Харин 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг, 2023 онд Самурай бондын 290 орчим сая ам.доллартай тэнцэх үндсэн төлбөрийг тус тус төлөх ёстой. 2017-2023 он хүртэл эдгээрт ойролцоогоор 5.6 тэрбум ам.доллар шаардагдах нь...

Нийтэлсэн: А.Энхтуул

2017-2023 оны хооронд гадаад өр, зээлээ төлөхөд 5.6 тэрбум ам.доллар шаардагдана  
Үзсэн: 5003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй