Өнгөрсөн ням гарагаас эхлэн "Хелен" хар салхи АНУ-ын Флорида мужийн эргээс зүүн өмнөд мужуудаар дамжин өнгөрөхдөө олон зуун зам, гүүр, барилга байгууламжийг сүйдэлж, 100 гаруй хүний амийг авч, олон арван хүн ор сураггүй болжээ.
Энэхүү шуурганы улмаас Хойд Каролина, Өмнөд Каролина, Жоржиа, Флорида, Теннесси, Виржиниа мужид нийт 133 гаруй хүн амь үрэгджээ.
Харилцаа холбоо тасарч, зам хаагдсаны улмаас олон мянган оршин суугчтай холбогдох боломжгүйд хүрсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Хойд Каролина мужийн иргэдэд тусламж үзүүлэхээр 7000 гаруй иргэн АНУ-ын Холбооны Онцгой байдлын агентлагт бүртгүүлсэн бол Үндэсний гвардаас 1000 тонн хүнс, усыг алслагдсан бүс нутгуудад нисдэг тэргээр тээвэрлэж байна гэж албаныхан мэдээлсэн байна.
Сүйрэлд өртсөн газар нь Шарлотт хотоос баруун тийш 100 миль (160 км) зайд орших Бат Калф хэмээх жижигхэн тосгон байсан бөгөөд цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 1000 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй, түүхэн гамшигт үзэгдэл болж, нийт 158 тэрбум тонн хур тунадас оржээ.
Энэ нь хоёр жилийн хугацаанд орох хур тунадасны хэмжээ юм байна. Түүнчлэн Борд гол урьд өмнө хэзээ ч хүрч байгаагүй түвшинд хүрэн үерлэж, зам, гүүр, барилга байшингуудыг гурав хоногийн дотор урсгаж, их хэмжээний хохирол учруулсан талаар мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
АНУ-ын зүүн өмнөд бүс нутагт 1000 жилд тохиолдоогүй гамшигт үзэгдэл болжээ | ||
Үзсэн: 2067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.