Шууд Chart

Далд уурхайн санхүүжилтээ шийдвэрлэх үү, арбитрийн хаалга татах уу...

2014-09-10 17:06:10

“Рио Тинто” компани 2012 он гармагц хуучны “Айвенхоу майнз”, одоогийн “Туркойз хилл” дэх эзэмшлээ хоёр хувиар нэмэгдүүлж, 51 хувьд хүргэсэн юм. Энэ даруйдаа  “Рио Тинто” компани Оюутолгойн бүтээн байгуулалтад зориулж 1.8 тэрбум ам.долларын зээлийг “Туркойз хилл” компанид олгосон байдаг. Үүнээс гадна, өнгөрсөн оны наймдугаар сард нэмж 600 сая долларын зээлийг “Туркойз хилл” компанид олгосон юм. Нийт 2.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх энэ зээлийг 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор “Туркойз хилл”-ээс авна гэдгээ ч “Рио Тинто” компани тухайн үед илэрхийлж байлаа. Тиймээс “Туркойз хилл” компани “Рио Тинто”-гоос авсан зээлээ хугацаанд нь төлж, үлдсэн хэдээр нь Оюутолгойн бүтээн байгуулалтыг зогсоочихгүй явуулах үүднээс Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум долларын зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн юм.

Гэвч Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани дангаараа шийдвэр гаргаад энэ зээлийг банкуудаас авах бололцоогүй. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай тохиролцсоны эцэст гадаадын арилжааны банкуудаас хүссэн зээлээ авах бололцоотой юм. Уг нь зээл авах талаар Засгийн газраас зөвшөөрөл хүссээр ирсэн ч, манайхнаар хүлээн зөвшөөрүүлж чадаагүй.  “Туркойз хилл” компани банкуудаас 4 тэрбум ам.долларын зээл авлаа гэхэд, үүний 2.4 тэрбумыг нь “Рио Тинто”-д өгөх байсан учраас манайхан дургүйлхсэн юм. Нөгөө талаас Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг нягтлах хүртэл дараагийн шатны санхүүжилтийн талаар ярихгүй гэдгээ манай талаас илэрхийлсэн. Ийнхүү манай талаас зөвшөөрөл авч чадаагүй учраас “Туркойз хилл” компани банкуудаас авах зээлийнхээ хугацааг гурван ч удаа хойшлуулсан байдаг.

Улмаар “Туркойз хилл” компани өнгөрсөн онд нэг бүр нь 2.4 америк долларын үнэтэй нэг тэрбум ширхэг нэмэлт хувьцааг гаргаж, эндээс босгосон 2.4 тэрбум ам.доллараа “Рио Тинто”-д өгч өр салсан юм. Энэ компани нэгэнтээ “Рио Тинто”-гийн өрөөс салсан учир одоо банкуудаас зээл авахад манай талаас айх аюулгүй. Зээлийн мөнгө бүхэлдээ Оюутолгойн бүтээн байгуулалтад зарцуулагдах боломжтой байгаа юм. Дэлхийн 15 банкнаас зээл авах эцсийн хугацаа энэ сарын 30-нд дуусах гэж байхад, харамсалтай нь хувь нийлүүлэгчид санхүүжилт дээр тохиролцох нь битгий хэл, нэг нь нөгөөгөө арбитрийн шүүхэд өгөх дээрээ тулчихсан сууна... Энэ нь хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн татварын маргаантай холбоотой юм.

 “Оюутолгой” төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн 130 сая ам.долларын актыг манай төрийн байгууллагаас тавьсан байна. Тиймээс “Туркойз Хилл” компани өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд “Оюутолгой компани Монгол Улсын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх татвараа төлсөн. Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэх бөгөөд эцсийн шатанд олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдвэрлүүлэх болно” гэж мэдэгдсэн юм. Ийнхүү 130 сая ам.долларын татварын актаас болж хувь нийлүүлэгчдийн дунд дахин шинэ маргаан үүсээд байна.

Энэ талаар “Ковер Монголиа” компанийн Ерөнхийлөгч Б.Мөнхдөл:  “Туркойз хилл” компани манай улстай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу арбитарт шилжихээс өмнөх шат буюу маргаан үүссэн тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар мэдэгдэл хүргүүлснээс хойш 60 хоногийн дотор энэ асуудлаа шийдвэрлэхгүй бол, дараагийн маргаан шийдвэрлэх механизм руу орно. Өөрөөр хэлбэл, хоёр тал арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх байдалд хүрч магадгүй. Хэрэв ийм байдалд хүрвэл, юун далд уурхайн санхүүжилт шийдвэрлэх. Монгол Улс олон улсын шүүхэд дуудагдаж, асуудал бүр хүндрэх аюул байна” гэж тодотголоо.

Үнэхээр ч түүний хэлснээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 14 зүйлд, “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор талуудын хувьд аливаа маргаан гарвал, үүнийг эхний ээлжинд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 60 хоногт шийдвэрлэнэ. Хэрэв хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол, маргаан гарсан өдөр үйлчилж буй Нэгдсэн үндэстний байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн зүйл заалт тусгагджээ.

“Туркойз хилл” компани манай талд мэдэгдэх хуудас хүргүүлсэн цагаас хойш “жар” хоног гэж тооцвол, эцсийн хугацаа энэ сарын сүүлийн долоо хоногт тохиохоор байна. Хэдхэн хоногийн хугацаа үлдээд байхад, хувь нийлүүлэгчид татвартай холбоотой энэ асуудлаа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрээгүй л байна. Энэ асуудал шийдэгдтэл далд уурхайн санхүүжилтийн талаар бодоод ч хэрэггүй гэж “Рио Тинто” компанийнхан гэдийж байгаа сурагтай. Тиймээс энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад, “Татварын асуудал шийдэгдэхээр далд уурхайн санхүүжилтийг шийднэ гэсэн мэдээлэл гаргасан байгууллагаас нь асуух нь зүйтэй... Далд уурхайн санхүүжилтийг энэ сард багтаан шийдвэрлэхээр манай талаас “Эрдэнэс-Оюутолгой”, нөгөө талаас “Рио Тинто” компанийн холбогдох хүмүүс ажиллаж байна” гэж хариулсан юм.

Харин энэ талаар Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн Монголын талын гишүүн Ч.Отгочулуугаас тодруулахад: “Татварын акт бол, компани татварын байгууллага хоёрын хоорондын асуудал. Тодруулах шаардлагатай зүйл байгаа. Үүнийгээ тодруулаад явж байгаа. Маргаан таслах зөвлөл дээр хоёр тал хэлэлцээд, ойлголцоод явж байгаа гэсэн мэдээлэл байна. Удахгүй татварын асуудал шийдэгдэх байх. Бидний байр суурь ямар байгаа вэ гэхээр, татварын асуудал, техник эдийн засгийн үндэслэл тусдаа зүйл. Аль аль нь техникийн чанартай учраас зэрэг явах боломжтой асуудлууд. Гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал санхүүжилтийнхээ бүх асуудлыг шийддэг. Энэ дагуу санхүүжилтээ хөрөнгө оруулагч хариуцна” гэж хэлсэн юм.

Ийнхүү уул уурхайн сайд энэ сардаа багтаан далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн бол, Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн татварын асуудал удахгүй шийдэгдэнэ байх гэсэн хүлээлттэй байна. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан өчигдөр Лондон хотноо зохиогдсон “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-т оролцсон хөрөнгө оруулагчдад  “Оюутолгойн татварын маргаантай асуудлыг энэ долоо хоногт шийднэ. Ойлголцолд хүрэхэд маш ойрхон байна гэж хариулсан гэх мэдээлэл байна. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг уржигдар орой МҮОНРТ-ээр мэдэгдэл хийхдээ ч, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Оюутолгой төслийг урагшлуулах тухай дурдсан.

Тэрбээр мэдэгдэлдээ: “...Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг зарим хүмүүст төрүүлсэн. Оюутолгойг тойрсон эрүүл бус улстөржилт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд... Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна... Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Гадна дотны олон хөрөнгө оруулагч манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюутолгой, Тавантолгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюутолгой төслийг гацаанаас нь гаргаснаар 4 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм... Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай... Оюутолгойгоо хөдөлгөх ёстой” гэсэн юм.

Ийнхүү төр засгийн зүгээс Оюутолгойн төслөө урагшлуулна гэж албан ёсоор мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү...  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт Лондонг зорьж, “Рио Тинто”-гийн компанийн удирдлагуудтай уулзаж, Оюутолгойн асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Ийнхүү Засгийн газрын зүгээс нааштай зүйл ярьж байгаа ч, энэ сарын сүүлчээр хувь нийлүүлэгчид арбитрийн шүүхэд очих уу. Эсвэл энэ асуудлаа нааштайгаар шийдвэрлэж, энэ сардаа багтаан далд уурхайн санхүүжилтээ давхар шийдвэрлэх үү гэдгийг харах л үлдлээ. Өөрөөр хэлбэл, далд уурхайн санхүүжилтээс гадна, Засгийн газар арбитрийн шүүхэд дуудагдах эсэх нь энэ сарын сүүлчээр шийдэгдэх юм. Хэрэв асуудал тогооноос хальж, арбитрийн шүүхэд дуудагдахад хүрвэл, маргаан эцэслэгдэх хүртэл Оюутолгойн далд уурхайн барилгын ажил зогссоор байх юм.

Оюутолгойн далд уурхайн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас 2013 оны долоодугаар сарын 28-ны өдөр зогссон. Үүнтэй холбоотойгоор энд ажиллаж байсан 2000 орчим хүн ажилгүй болж, хоолноосоо салсан. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж, ханган нийлүүлэлт хийж байсан манай компаниуд орлогогүй, сул зогсолт хийж суугаа. Дээр нь далд уурхайн бүтээн байгуулалтыг дагалдаж орж ирэх, долларын урсгал царцчихсан сөрөг тал ажиглагдаж байна. Цаашлаад “Хюго даммет”-ийн гүний уурхайн барилгын ажил удаашрах тусам, үүнээс хүртэх манай ашиг хойшлох таагүй үр дагавартай. Хэрэв, хоёр тал энэ сарын сүүлчээр далд уурхайн санхүүжилт болон татварын асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол, дээрх байдал цаашид ч үргэлжлэх юм.




 

Нийтэлсэн: А.Энхтуул

Далд уурхайн санхүүжилтээ шийдвэрлэх үү, арбитрийн хаалга татах уу...   
Үзсэн: 2185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй