
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Балти орчмын гурван улс Оростой эрчим хүчний сүлжээгээ бүрэн тасалж Европын эрчим хүчний шугамд холбогдсон. Тэгвэл энэ гурван улсад эрчим хүчний үнэ огцом өссөн талаар Евроньюз мэдээлсэн байна. Энэ өсөлт нь нар, салхины хүч сул байгаа, мөн Европт хийн үнэ нэмэгдсэнээс шалтгаалсан байна. Оросын эрчим хүчний сүлжээнээс салгагдсан нь ч бас зохих хэмжээний нөлөөтэй байгаа талаар Эстоний эрчим хүчний оператор “Элеринг” компани мэдээлсэн байна.
Эстоний цахилгаан эрчим хүчний үнэ Норд Пул бирж дээр өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш өссөн нь үндсэндээ нарны илч, салхины хүч сул байгаатай, мөн хийн үнэ өссөнөөс болсон гэж Эстоний хэвлэлүүд эрчим хүчний оператор компаниасаа иш татан мэдээлж байгаа аж. Эстони улс Орос, Беларусьтай нэгдсэн эрчим хүчний БРЭЛЛ системээс бүрмөсөн салгасан өдрөөс хойш буюу өнгөрөгч бямба гарагт НОРД ПУЛ бирж дээр цахилгаан эрчим хүчний дундаж үнэ нэг мВт цаг эрчим хүч 62 еврогийн үнэтэй байжээ. Тэгвэл даваа гарагт энэ үнэ 146 евро, мягмар гарагт 190, лхагва гарагт бүр 230 евро болж өсжээ. Латви, Литвад мөн адил үнэд хүрч өссөн байгаа юм байна. “Нар, салхи аль ч эрчим хүч үйлдвэрлэхгүй өвөрмөц нөхцөл үүсээд байна. Өнөөдөр гэхэд Литвад огт салхигүй, бас наргүй байна. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдэд маш бага үйлдвэрлэл явагдаж байна”, гэж Литвийн эрчим хүч зохицуулалтын үндэсний зөвлөлийн дарга Ренатас Поцют ЛРТ Радио-д ярьжээ. Үүний зэрэгцээ Нидерланд дахь ЕХ-ны эрчим хүчний төвлөрсөн бирж дээр хийн үнэ нэг мВт цаг нь 58.6 евро болж өссөн нь 2023 оны эхнээс хойших хамгийн өндөр үнэ болоод байгаа юм байна. Улмаар Европын комисс хийн үнэ ингэж нэмэгдсэнтэй холбогдуулж үнийн дээд хязгаар тогтоох боломжийг судалж байгаа талаар Файнэншл таймс мэдээлсэн байна.
Хийн үнийн тухайд Европт дөрөв дэх 7 хоногоо дараалан өссөн үзүүлэлттэй, дээрээс нь цаг уурчид ойрын хугацаанд Европын зүүн хойд бүсээр улам хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байгаа юм байна. Улмаар цахилгаан дулааны үнэ улам өсөхөд нөлөөлж болзошгүйг гэдэг болгоомжлол зах зээлд нэгэнт үүсэж, энэ байдалтай зэрэгцээд Европын газар дорх агуулахуудад хийн нөөц буурч, 2022 оны эрчим хүчний хямралаас хойш жилийн өдий үед ажиглагдсан хамгийн доод түвшинд очсон байгаа талаар Европын хэвлэлүүд уламжилж байна. Тухайлбал, жилийн өмнө 2024 оны 2 сард 67 хувийн дүүргэлттэй байсан агуулахууд нь одоо 49 хувьд байгаа мэдээлэл байгаа юм байна.
Балти орчмын орнуудад цахилгаан эрчим хүчний үнэ огцом өсжээ | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.