Шууд Chart

Мьянмар дахь цахим луйврын төвүүдээс 250 гаруй гадаад иргэнийг чөлөөлжээ

2025-02-14 15:27:41

Интернэт болон утсаар залилан луйвар хийдэг Мьянмар дахь бүлэглэлүүдийн хяналт дахь төвүүдээс 250 гаруй хүнийг чөлөөлж, Тайланд руу хүргэсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мьянмарын Хятадтай залгаа хил орчимд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг ийм луйврын төвүүдийг хаах амлалтыг Тайландын Ерөнхий сайд Пэтонгтарн Шинаватра өнгөрөгч 7 хоногт Хятадад айлчилж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах үедээ өгч байсан юм байна.

Тайландын засгийн газар энэ хүрээндээ, Мьянмарын Тайландтай залгаа хил дагуу байршилтай луйврын төвүүдийн үйл ажиллагааг хумих хүрээнд тог цахилгаан, түлш хангамжийг зогсоож, мөн Тайландыг ажиллах хүч болон бэлэн мөнгө дамжуулах дамжлага орон болгодог байдлыг таслах үүднээс банк болон мөнгөн гуйвуулгын журмаа чангатгажээ. Мьянмарын зэвсэгт бүлгийнхний чөлөөлж Тайланд руу шилжүүлсэн 20 орчим улсын харьяат 250 гаруй хүн, түүний дотор 39 эмэгтэйг Тайландын зэвсэгт хүчнийхэн хүний наймааны золиос болсон эсэхийг тогтоохоор ажиллаж  байгаа юм байна. Мьянмар дахь ийм луйврын төвүүдэд гаднын иргэдийг Тайландад өндөр цалин хөлстэй ажиллуулах нэрээр хууран мэхлэх юм уу хулгайлан аваачиж хөдөлмөрийн мөлжлөг, тэр дундаа утасны болон цахим залилан, луйвар, цахим мөрийтэй тоглоом зэрэгт ихэвчлэн ашигладаг байна. Ялангуяа цахим луйврын хохирогчдоо болгож гол онилдог хятад болон англи хэлтэй хүмүүсийг энэ албадан хөдөлмөртөө татан оролцуулдаг.

Энэ ажилд нь оролцох хүсэлгүй хүмүүсийг ар гэрээс нь асар өндөр барьцаа төлөхөөс нааш тавьж явуулдаггүй, ганц нэгээрээ оргож чадсан хүмүүс ийм газруудад эрүү шүүлтэд өртдөг байсан талаар мэдүүлдэг байна.

Хятадтай залгаа хил орчмын энэ Карен мужийн ихэнх хэсгийг Мьянмарын төв засгийн газар хяналтдаа авч чаддаггүй байна. НҮБ-ын тооцоолсноор, Зүүн өмнөд Ази дахь луйврын ийм төвүүдэд сайн дураар болон албадан хөдөлмөр эрхлэгчид дунд хятадууд олон зуун мянгаараа байдаг байна. Хятадын прокурорын газрын мэдээгээр, өнгөрсөн оны 1-11 сарын хооронд цахим болон утсан луйврын гэмт хэрэгт холбогдсон 40 мянга гаруй хүнийг баривчилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмар дахь цахим луйврын төвүүдээс 250 гаруй гадаад иргэнийг чөлөөлжээ   
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй