Шууд Chart

ОХУ-ын цэргийн зардал Европынхоос давсан дүнтэй байна

2025-02-14 15:34:25

Оросын батлан хамгаалахын нийт зардал өнгөрөгч 2024 онд 42 гаруй хувиар өсөж 12,1 их наяд рубль болсон байна. Энэ нь худалдан авах чадварт дүйцүүлсэн дүнгээр 462 тэрбум ам.доллар болж байгааг энэ судалгаанд дурдсан байна. Британий стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн тооцооллоор, оросын цэргийн зардал энэ 2025 онд 13,7 хувиар нэмэгдэж, 15,6 их наяд рубль буюу 550 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэвэл энэ нь Оросын ДНБ-ий 7,5 хувьтай тэнцэх хэмжээ болно гэсэн үг юм байна. Энэ нь оросын холбооны нийт зардлын 40 орчим хувь гэсэн үг болж байгааг ФТ тэмдэглэжээ.

Тэгвэл Их Британи болон ЕХ-ны улсууд зэрэг Европын батлан хамгаалахын төсөв өнгөрсөн онд 12 хувиар өсөж, 457 тэрбум ам.доллар болжээ. Энд тухайлбал, Германы батлан хамгаалахын төсөв 23 хувиар нэмэгдэж, 86 тэрбум ам.долларт хүрснээр 81 тэрбум ам.долларт байгаа Их Британи улсынхаас сүүлийн 30 жилд анх удаа давсан дүнтэй болжээ. Европтоо хоёрт ордог Францын батлан хамгаалахын төсөв 2024 онд 64 тэрбум ам.доллар болж 4,5 хувиар өссөнөөр ДНБ-ийн 2 хувьд хүрчээ. Энэ үзүүлэлтээрээ Европт тэргүүлж байгаа Эстони улсын тухайд өнгөрөгч онд БХ салбартаа ДНБ-ийхээ бараг 4 хувьтай тэнцэх зарцуулалтыг хийсэн бол, 3,25 хувийг цэрэг батлан хамгаалах үйлсэд зарлагадсан Польш улс удаад нь орсон юм байна.

Гэхдээ ерөнхий дүнгээр нь авч үзвэл, энэ хоёр улсын зардлын хэмжээ Европын гол гурван том эдийн засгийнхаас бага дүнтэй байгаа юм байна. Нийт европын батлан хамгаалах зардал өнгөрсөн онд 11,4 хувь нэмэгдсэн бол, сүүлийн 10 жилд нийт 50 хувь өссөн дүнтэй байгаа юм байна. Тиймээс ч Европын орнууд батлан хамгаалахын зардлаа ийнхүү нэмэгдүүлж байгаа ч гэлээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шаардаж байгаа ДНБ-ий 5 хувьд хүргэх аргагүй гэж энэ судалгаагаар үзсэн байна. Энэ судалгаанд мөн АНУ-ыг Украинд үзүүлэх дэмжлэгээ бууруулах нөхцөлд Европт тулгарч болзошгүй аюулгүй байдлын асуудлуудыг нарийвчлан авч үзсэн байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын цэргийн зардал Европынхоос давсан дүнтэй байна  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй