
Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн замын урд талын хэсэгт улсын сургууль байдаггүй. Тиймээс эцэг, эхчүүдээс улсын сургууль бариулах саналыг удаа дараа ирүүлсэн учраас 2024 онд 960 хүүхдийн суудалтай улсын сургууль барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл барилгын ажлыг яаравчлуулах үүднээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л. Хосбаяр нар өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “960 хүүхдийн сургууль барих ажлын явц хуваарийн дагуу хийгдэж байна. Ганц асуудал нь санхүүжилт гэдгийг гүйцэтгэгч компани хэллээ. Сургуулийн барилгыг барьж дуусгахад 18 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьж өгсөн. Тиймээс асуудлыг шийдэж болох гарцыг бид судлах болно” гэв.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд шинэ суурьшлын бүс үүссэн ч одоог хүртэл улсын сургууль байхгүй. Нийслэлээс 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, харин 11 тэрбум төгрөгийн зардлыг хувийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөс гаргасан байна. Цаашид санхүүжилтийн асуудал шийдэгдвэл энэ оны арваннэгдүгээр сард сургуулийн барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Тэдний зүгээс барилгын материалын үнэ, ажилчдын үнэлгээ хэрхэн өссөнийг ч дурдлаа. Нийслэлээс сайн гүйцэтгэлтэй, иргэдэд хамгийн хэрэгтэй байгаа сургууль, цэцэрлэг зэрэг төслүүдээ нэн түрүүнд дэмжиж ажиллахыг эрмэлзэж байгаа. Тиймдээ ч энэ сарын 31-нд худалдан авах ажиллагааны тоон мэдээлэл эцэслэгдэхээр санхүүжилтийг гэрээний дагуу шийдвэрлэх бололцоо гарах эсэхийг бид судлах болно” гэдгээ илэрхийллээ.
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.