
АНУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яам, Номхон далайн Армийн Хуурай замын цэргийн командлал, Альяск дахь Армийн Инженерийн корпусын дэмжлэгээр АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Аляскийн үндэсний гвардын адьютант Торренс Сакс, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн барилга ашиглалтад орсноор улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах, хүн амд эрт сэрэмжлүүлэх, амжиж анхааруулах, урьдчилан сэргийлэх, зарлан мэдээллийг хүргэх, гамшгийн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах боломж, чадавх сайжирч байна. Түүнчлэн тус ангийн алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцөл сайжрахаас гадна томоохон хэмжээний гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед Улсын онцгой комисс, Шуурхай штабын удирдлага шилжин байршиж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны илэрхийлэл болсон тус Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд бодит ахиц дэвшил болох төдийгүй цаашлаад Монголын ард түмний аюулгүй, амар тайван амьдрал, улс орны тогтвортой хөгжил, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би итгэл дүүрэн байна” гэлээ.
Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Монгол Улс, АНУ-ын хооронд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1992 оноос эхлэлтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр орны хооронд олон талт, бодитой, тогтвортой хамтын ажиллагаа өрнөж, өнөөгийн түвшинд хүрч, цаашдын түншлэлийн бат бөх үндэс суурийг бүрдүүлсэн билээ. Үүний нэг илрэл нь Монгол Улсад гамшиг, аюул, ослын үед хариу арга хэмжээ авч, шийдвэр гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн удирдлага, мэдээлэл солилцооны технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үндэсний хэмжээнд хариу арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой 2.0 сая ам.долларын өртөг бүхий “Шуурхай удирдлагын төв”-ийг барьж, өнөөдөр нээлтээ хийж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Мөн Аляскийн үндэсний гвардын адьютант Торренс Сакс “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги шинэ байртай болсноор Монгол улсын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах томоохон шинэчлэл болж, сөрөн тэсвэрлэх чадавхын баталгаа болсон чухал үйл явдал боллоо” гэлээ.
Анх 2013 онд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын бүтцэд үйл ажиллагаа эхлүүлж, 2023 онд ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги” болж, зарлан мэдээлэл дамжуулах болон хөдөлгөөнт удирдлагын төвтэй, мэргэжлийн инженер, техникийн алба хаагчидтай, 21 аймаг, нийслэл дэх Онцгой байдлын байгууллагын бүх салбар нэгжүүдтэй холбогдсон, гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг нэгж болон өргөжсөн юм.
Тус ангийн шинэ барилга нь газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, төмөр бетонон хийцтэй 3 давхар, 1400 метр квадрат бөгөөд Онцгой байдлын байгууллагын холбоо зохион байгуулалтыг сайжруулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, зайнаас тандан судлах үйл ажиллагааг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх, зарлан мэдээллийг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлээд байна.
Түүнчлэн барилгын техникийн шийдлийг орон нутгийн нэгжүүдтэй шууд холбогдох удирдлагын өрөө болон сум, баг хүртэл мэдээлэл шуурхай дамжуулах орчин үеийн зарлан мэдээллийн төхөөрөмжүүд суурилуулах өрөө тасалгаануудыг тохижуулсан нь гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоо сайжирч, хариу арга хэмжээг шуурхай авах боломжийг бүрдүүллээ.
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги шинэ байртай болж, зарлан мэдээллийг өргөжүүллээ | ||
Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.