
Европын Холбоо Орос болон Беларусаас авдаг ХАА-н зарим төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Европын Холбооны орнуудын фермерүүд, мөн бордоо үйлдвэрлэлийн салбараа хамгаалахад чиглэсэн энэ шинэ тарифын хэрэгжилтэд мөн сайтар хяналт тавина гэж Европын Зөвлөлийн интернэт сайтад мэдээлснийг Германы хэвлэлд уламжилсан байна. Кремль харин ЕХ-ны энэ шийдвэрийг “өөртөө хор учруулж буй” үйлдэл гэдгээр авч үзжээ.
Бордооны гаалийн тарифыг гэхдээ гурван жилийн хугацаанд аажим өсгөхөөр заасан. Энэ алхам нь угтаа ЕХ-ны орнууд энэ төрлийн бүтээгдэхүүний импортоос хамааралтай байдлыг бууруулах, давхар бас Украин дахь цэрэг дайны ажиллагааг санхүүжүүлэхэд Оросын ашиглаж болзошгүй энэ талын орлого ашгийг хумих зорилготой гэдгийг Европын Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
Энэ жил Европын Холбоог даргалж байгаа Польш улс “Европын аюулгүй байдал эн тэргүүнд” гэх уриа дэвшүүлж, энэ хүрээнд Оросоос хамааралтай байдлыг бууруулах замаар эдийн засгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. Оросын экспортын орлогыг мөн улам бууруулах болно” гэдэг байр суурийг Европын Зөвлөлд даргалж байгаа Польшийн Эдийн засгийн хөгжил, технологийн яамны төрийн нарийн бичгийн орлогч Михал Барановский мэдэгджээ.
Шинэ тариф ирэх 7-р сарын 1-нээс эхлэн үйлчилж эхэлснээр Оросоос ЕХ-ны орнууд руу гардаг ХАА-н бүх бүтээгдэхүүн нэмэлт гаалийн татварт хамрагдана. Учир нь энэ салбарын бусад бүтээгдэхүүнд өмнө тогтоосон хязгаарлалтууд мөн үйлчилж байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд нь мөн дурджээ. Энэ шинэ тарифт азотын бордоо зэрэг нь 2023 оны байдлаар ОХУ-аас авдаг нийт ХАА-н бүтээгдэхүүний импортын 15 хувийг бүрдүүлж байсан бүтээгдэхүүн хамрагдана.
Европын Зөвлөлийн мэдээгээр, тухайн онд Европын орнууд Оросоос 3,6 сая тонн буюу 1 тэрбум 280 сая еврогийн өртөг бүхий бордоо импортолж байсан нь ЕХ-ны энэ төрлийн бүх импортын дөрөвний нэгтэй тэнцэх хувь хэмжээ байжээ. Кремль ЕХ-ны энэ шийдвэрийг “хөл рүүгээ буудсанаас өөрцгүй үйлдэл” гэж нэрлээд, үүнийхээ дүнд ЕХ муу чанарын бордоог илүү өндөр үнээр авах болно. Учир нь манай бордоо, тэр дундаа азотын бордоо хамгийн дээд чанартай нь байдаг” гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгджээ.
Европын Холбоо ОХУ болон Беларусаас авдаг ХАА-н зарим бүтээгдэхүүний татварыг нэмжээ | ||
Үзсэн: 323 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.