
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өнөөдөр Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэн болон Тэргүүлэгчдийн газраас ном хандивлах үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан бөгөөд Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах салбаруудаар дамжуулан жилдээ 150–200 мянган уншигч, хэрэглэгчдэд 500 мянга гаруй цаасан болон цахим номоор үйлчилгээ үзүүлж, нийтийн соёл, боловсролын хэрэгцээг ханган ажиллаж байна. Энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж буй тус номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зорилгоор ШУА-ийн хүрээлэнгүүд шинжлэх ухааны салбар бүрийг хамарсан 1100 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном, товхимлыг хандивлана.
Үйл ажиллагааны зорилго нь шинжлэх ухааныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эрдэмтэн судлаач, багш, оюутан, сурагч, иргэдэд шинжлэх ухааны мэдлэгийг өргөн хүрээнд түгээхэд оршиж байна.
Тус номын сан нь:
• Нийт сан хөмрөг: 386,600 гаруй ном
o Хэвлэмэл ном: 381,200
o Брайль ном: 2,500
o Цахим ном: 410
o Тогтмол хэвлэл: 1,500 нэгж
• Нийт суудал: 720
• Ажиллагсад: 80
• 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан NVDA дэлгэц уншигч болон монгол брайль хэрэглэл нэвтрүүлж, 3,000 гаруй номын сантайгаар жилд 350 гаруй тусгай хэрэгцээт уншигчид үйлчилж байна.
Энэхүү хандивын арга хэмжээ нь шинжлэх ухааныг олон нийтэд илүү ойртуулж, ялангуяа залуусыг судалгааны ажилд уриалан дуудах, шинжлэх ухааныг сонирхуулах, боловсролд тулгуурласан ирээдүйг бэхжүүлэх чухал алхам юм.
ШУА-иас 1100 гаруй шинжлэх ухааны бүтээл хандивлана | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.