Шууд Chart

Япон Улс гадаадын иргэдийн асуудал эрхлэх сайдын албан тушаалыг шинээр байгууллаа

2025-10-30 10:04:08

Японы шинээр сонгогдсон барууны үзэлтэй Ерөнхий сайд Санаэ Такаичи гадаадын иргэдийн асуудал эрхлэх сайдын албан тушаалыг шинээр байгуулсан талаар Кёодо агентлаг мэдээлжээ.

Барууны чиг баримжаатай улс төрч Кими Онодаг “гадаадын иргэдтэй эмх цэгцтэй, дэг журамтай хамтран амьдрах нийгмийг бүрдүүлэх” шинэ сайдын албан тушаалд томилсон байна.

Засгийн эрх баригч Либерал Ардчилсан Нам (LDP) болон Японы Инновацийн Нам (JIP) тус улсад оршин сууж буй гадаадын иргэдийн талаарх бодлогыг төвлөрсөн байдлаар удирдах зорилгоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу гадаадын иргэдийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх шинэ сайдын албан тушаалыг бий болгох шийдвэр гаргасан байна.

Ерөнхий сайд Такаичи нь Хятад, Солонгосын хойг, Японы дайны үеийн түүхийн маргаантай асуудалд хатуу байр суурь баримталдаг “hawkish” буюу хатуу чиг шугамтай удирдагч юм. Японы Инновацийн Нам (JIP) өмнө нь Японд оршин суух гадаадын иргэдийн тоог нийт хүн амын 10%-иас хэтрэхгүй байхаар хязгаарлах санал гаргаж байсан билээ.

Шинээр сайдын албан тушаалд томилогдсон Кими Онода нь анх удаа засгийн газарт сонгогдсон гишүүн бөгөөд Эдийн засгийн аюулгүй байдлын сайд, Гадаадын иргэдийн асуудал эрхлэх сайд гэх 2 албан тушаалыг зэрэг хаших аж. Онода мэдэгдэлдээ холбогдох төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, “Японы хууль, тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэдийн эсрэг хатуу арга хэмжээ авч, улсын цагаачлалын бодлогыг шинэчлэн батлах” зорилготой байгаагаа илэрхийлжээ.

Энэ оны долдугаар сард явагдсан Дээд танхимын сонгуулийн үеэр цагаачлалын асуудал улс төрийн гол сэдэв болж, тус улсад оршин сууж буй гадаадын иргэд нийгмийн даатгалын шимтгэл, эмнэлгийн зардал, газар худалдан авалт зэрэг төлбөрийн маргаантай асуудалд холбогдож байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан байна.

Японд оршин суугаа гадаадын иргэдийн тоо 2025 оны эхний хагаст 3.95 сая буюу түүхэн дээд түвшиндээ хүрсэн нь 10 жилийн өмнөх (2.17 сая) үзүүлэлтээс даруй хоёр дахин өссөн байна. Хууль зүйн яамны мэдээлснээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Японы нийт хүн ам (япон болон гадаад иргэд нийлээд) 124.3 сая байсан бөгөөд гадаадын иргэдийн эзлэх хувь 2.96% байжээ.

Гадаадын иргэдийн өсөлт нь хөдөлмөрийн хомсдолыг нөхөх зорилгоор 2019 онд хэрэгжиж эхэлсэн “ур чадвартай, мэргэшсэн ажилчдын виз” хөтөлбөртэй холбоотой бөгөөд энэ төрлийн визтэй гадаадын иргэдийн тоо 2025 онд дахин дээд хэмжээндээ хүрсэн байна. 

Эх сурвалж: ГИХГ


Япон Улс гадаадын иргэдийн асуудал эрхлэх сайдын албан тушаалыг шинээр байгууллаа  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй