Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлцгээе” уриан дор тэмдэглэж байна.
Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Ажил олгогчийн манлайлалд суурилсан нийгэм-сэтгэл зүйн эрүүл ажлын орчныг бүрдүүлцгээе” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийн үнэлгээний стандарт, олон улсын туршлага, ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийн талаар хэлэлцэв.
Олон улсын судалгаагаар хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байдаг гэж үздэг байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой зардлын дийлэнх нь эмчилгээний шууд зардлаас бус бүтээмж буурах, ажил таслах, хөдөлмөрийн чадвар алдагдах зэрэг шууд бус зардлаас үүсдэгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Иймээс ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, ажлын байранд эрүүл, дэмжлэгтэй орчин бүрдүүлэх нь ажил олгогчийн хувьд хүний нөөцөө хамгаалах төдийгүй байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар онцоллоо.
| Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.