Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүд чухал байр суурь эзэлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67.3 мянган эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 3.6 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нийт ажиллагчдын 56.5 хувь нь төрийн өмчит, 43.5 хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт техник, технологийг үе шаттай нэвтрүүлж, MRI, компьютер томограф, PET-CT зэрэг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, робот болон дурангийн мэс заслын технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем, цахим эрүүл мэндийн платформыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь иргэд эх орондоо дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжийг өргөжүүлнэ.
Мөн улсын хэмжээнд 220 гаруй өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Зөвхөн 2024 онд өрхийн эрүүл мэндийн төвүүд 7.1 сая гаруй үзлэг хийсэн нь анхан шатны тусламж, үйлчилгээний ач холбогдлыг тодорхой харуулж байна.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хомсдол, ажлын өндөр ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хүртэл хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 30 хувийн нэмэгдлийг олгосон.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтын ажиллагаа нэн чухал. Эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амын эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэх үйлсэд та бүхний оролцоо үнэтэй хувь нэмэр болж байна” хэмээн онцоллоо.

| Эрүүл мэндийн сайд эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.