
УИХ-ын намрын ээлжит чуулганаар ирэх 2015 оны төсвийг хэлэлцэж байгаа. Үүнтэй уялдуулан Сангийн сайд Ч.Улаанаас дараах тодруулгыг авлаа.
-2015 оны төсвийг хэлэлцэж байна. Тэгэхээр ирэх оны төсөвт зэс, нүүрсний ханшийг яаж тусгасан байгаа вэ?
-Үнэ ханшийг бид дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хандлага, үнийн тооцоолол хийдэг олон улсын байгууллагуудын судалгаа зэргийг үндэслэн тооцож байгаа. Зэс нүүрсний үнийг тогтворжуулсан зарчмаар тооцсон. Тогтворжуулсан зарчим гэдэг бол дэлхийн зах зээл дээр эдгээр бүтээгдэхүүний үнэ савлаж байсан ч түүнийг нь боломжийн түвшинд тогтвортой байлгахыг хэлж байгаа юм. Энэ нь өөрөө хуулинд заасан аргачлалтай, өмнөх 12 жилийн дундаж болон ирэх гурван жилийн үнийн өсөлтийн прогнозыг харгалзан үзэж байж дунджаар нь тооцдог юм. Ийм үнэ ханшаар бүтээгдэхүүний, экспортын орлогыг тооцсон байгаа.
-Ханшийн тухайд?
-Ханш бол тооцооны үзүүлэлт учраас албан ёсоор батлаж, баталгаажуулдаггүй. Гэхдээ бас одоо байгаа түвшнээр нь тооцдоггүй юм. Эхлээд хэрэгжиж байгаа эдийн засгийн бодлогын үр дүнд ханш тогтворжих ёстой. Харин дараагийн ээлжинд буурах ёстой учраас энэ бүхнийг харгалзан үзэж өнөөгийн байгаа түвшнээс бууруулах зарчмаар тооцож тусгасан.
-УИХ-ын зарим гишүүн ирэх оны төсөв нэлээд танагдсан учраас бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй гэсэн мэдээллийг өгч байсан?
-Ирэх онд бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Ирэх онд улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ энэ оныхоос буурч байгаа. Харин хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт бол нэмэгдэж байгаа. Тэр нь Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл нэмэгдэж байгаа юм. Энэ утгаараа авч үзвэл Монгол Улсын хөрөнгө оруулалт ирэх онд нийт дүнгээрээ нэмэгдэнэ.
-Цалин, тэтгэврийг нэмэх талаар ярьсан. Яг хэдэн хувиар нэмэх талаар хэлэх боломжтой юу?
-Өнгөрсөн жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөгийг нэмж зарцуулсан. Харин ирэх жил 500 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Өөрөөр хэлбэл, нэмж зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ 2.5 дахин нэмэгдэж байгаа. Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэхийг одоохондоо хэлэх боломжгүй. Учир нь салбарын онцлогийг харгалзан үзэж дээр нь үе шат, дэс дараатайгаар цаг хугацааны хувьд ялгавартайгаар хийх ажил юм. Энэ бодлоготой уялдуулан ирэх оны дундуур нэмэгдүүлнэ.
- Ирэх оны төсөвт татвар нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Ирэх оны төсөв дээр ямар ч татвар нэмэгдэхгүй. Татварын ямар нэг шинэ төрөл ч бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, ирэх онд улсын орлого төвлөрүүлэх зорилгоор татвар нэмэхгүй гэж шийдсэн.
-Төсвийн хөрөнгө оруулалтын дүн ер нь яаж гарсан бэ?
-Улсын төсвөөс 828 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Хөрөнгө оруулалтын зорилгоор Хөгжлийн банк болон Чингис бондын эх үссвэрээр хоёр тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалт хийх эх үүсвэр бэлэн байгаа. Ялангуяа бодит эдийн засагтай хөрөнгө оруулалт хийхэд зориулсан эх үүсвэр бол бэлэн байгаа. Гадаад зах зээлээс босгосон эх үүсвэрийг төсвийн цоорхой нөхөх зорилгоор ашигладаггүй учраас хөгжлийн зориулалтаар ашиглана.
-Төсвийн орлого, зарлагыг тодорхой хэлэх боломжтой юу?
-Чингис бонд, Хөгжлийн банк ороод ирэх жил 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө. Мөн 8.4 их наяд төгрөгийн зарлага санхүүжигдэнэ.
-Засгийн газрын шинэчилсэн бүтэц батлагдсан. Бүтэц шинэчлэгдсэнээр нэг тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо байгаа?
-Засгийн газрын бүтцийн асуудал шинээр батлагдаад өнөөдрөөс л яригдаж эхэлж байна. Энэ шинэ бүтэц батлагдсанаар төрийн албан хаагчийн тоо 140 орчмоор багасаж, 1.2 их наяд төгрөгийн төсвийн зардал хэмнэгдэнэ. Үүнийг төсөв батлагдаад Ерөнхийлөн захирагчид төсвийн хуваарь хийх үед хүргүүлэх боломжтой. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бүтцийн өөрчлөлт хийсэн эхний жилд тооцож байсан нийт хэмнэлтийн багахан хувь нь л гардаг. Учир нь бүтцийн өөрчлөлтөд хамрагдаад халагдсан хүмүүсийн гэнэт халагдсан мөнгийг өгдөг учраас хэмнэлт төдийлөн гарахгүй. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийн хэмнэлтийн жинхэнэ үр дүн нь хоёр жилийн дараагаас л гарна.
-Өнгөрсөн онд царцаагдсан барилгуудад шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан уу?
-Өнгөрсөн жил эхэлсэн төсөвт суугаагүй 420 гаруй тэрбум төгрөгийн обьект байгаа. Энэ ирэх жилийн төсөвт багтаагүй. Эдгээр обьектийг яах вэ гэдэг асуудлыг шийднэ. Гэхдээ зөвхөн төсөвт суулгаж дуусгах арга замаар биш харин хувьчлах, эзэнтэй болгох, зориулалтыг нь өөрчлөх, шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна.
Ч.Улаан: Ирэх оны дундуур цалин, тэтгэврийг нэмнэ | ||
Үзсэн: 1875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.