Xүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтуудын үеэр хөдөө аж ахуй, мал эмнэлгийн анхан, дунд шатны байгууллагуудын удирдлага, ажилтан, ажиллагсадтай уулзаж, санал бодлыг нь сонсож буй.
Тэрбээр Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олонтой уулзлаа. Тус газрын дарга А.Нямдаваа байгууллагынхаа үйл ажиллагаа, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, малын вакцины чанар, цаг үеийн ажлуудын явцын талаар танилцуулав.
Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын ажилтнууд хариуцсан ажил, чиг үүргийнхээ хүрээнд өөрсдөд тулгамдаж буй асуудлуудаа мөн сайдад танилцуулсан. Тухайлбал, сум бүрд мал эмнэлгийн үйлчилгээ, лаборатори, эмийн сан, малчдын сургалтын тавийг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах зорилготой “Нэг сум-Нэг мал эмнэлэг” төслийг хэрэгжүүлэхээр 2018 оноос хойш ярьж байгаа ч энэ ажил сүүлийн жилүүдэд зогсонги байдалд оржээ.
Улсын хэмжээнд мал эмнэлгийн байгууллагад хэрэглэж байгаа цахим бүртгэлйн систем гацдаг, зарим тохиолдолд огт ажиллахгүй болоод байгааг малчны хотонд, малын бэлчээрт, газар дээрээс нь мэдээллээ оруулж ажилладаг малын эмч нар хэлж байна.
Сумдад хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг нэг бус хүн хэлсэн. Сумын төвд хүнсний хяналтын лаборатори байхгүй, хүнсний хяналт хариуцсан байцаагч ажилладаг ч ачаалал ихтэй, мөн улсын байцаагчийн эрхгүй, хяналт, шалгалтын ажилын зардал байхгүй зэрэг бэрхшээл, дутагдал байгаа аж.
ХААИС-ийг төгсөж байгаа залуу мэргэжилтнүүд суманд ирж ажиллахгүй байгаагаас орон нутгийн хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбар, тасгууд хүний нөөцийн дутагдалд оржээ. Мал эмнэлгийн салбарын ажиллагчдын хувьд цалин хангамж дутагдалтай, дээр нь хөдөө малчдын хот, халдварт өвчний голомтод ажилласан томилолтын мөнгөө ч авч чадахгүй хэдэн сар, жил болж байгаа гэнэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олны санал, хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудал, бэрхшээлүүдийг шийдэх гарц, гаргалгааны талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр мал эмнэлэг бол монгол хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой учир сайдын хувьд онцгой анхаарал хандуулж байгаа гээд уг салбарыг урт, дунд хугацаанд хэрхэн хөгжүүлэх, ямар бодлого баримтлах талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай санал солилцож, ойрын хугацаанд тодорхой шийдвэр гаргана гэв.
Хүний нөөцийн хангамж, ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг анхаарах, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, вакцины чанар, хангамж, хүртээмж гээд мал эмнэлгийн салбарт тулгамдсан олон асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа гэдгийг сайд хэлэв гэж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


| Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.