Данид байгуулагдах дөрвөн намын хамтарсан шинэ Засгийн газар орон нутгийн цагаар зургаадугаар сарын 2-нд үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Гренландын асуудлаар улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах байр сууриа илэрхийллээ.
Засгийн газрын хөтөлбөрт Гренланд сүүлийн үед “хүлээн зөвшөөрөхийн аргагүй дарамт шахалт”-тай тулгарч буйг дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор Дани улс Гренландын өөртөө засах засгийн газартай хамтран бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн өөрөө шийдвэрлэх эрхийг хүндэтгэх үндсэн зарчмаа баримтлахаа онцолжээ.
Мөн Данийн Хаант улсын хүрээнд холбоотон орнуудтай нягт хамтран ажиллаж, Арктикийн бүс нутагт шаардлагатай батлан хамгаалах болон цэргийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр тусгасан байна.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен зургаадугаар сарын 1-ний орой хийсэн мэдэгдэлдээ, өөрийн тэргүүлдэг Социал демократ нам Социалист ардын нам, Радикал нам болон Дунд зэргийн намтай хамтран шинэ Засгийн газар байгуулахаар болсныг мэдээлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 онд Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Данийн харьяа хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Гренландыг авах сонирхолтойгоо хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тэрбээр энэ асуудлаар цэргийн хүч хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж, Европын орнуудад нэмэлт тариф ногдуулах талаар ч анхааруулж байв.
Харин АНУ-аас Данид суугаа Элчин сайд Кеннет А. Ховери тавдугаар сарын 21-нд Гренландын нийслэл Нуук хотод болсон АНУ-ын Консулын газрын шинэ байрны нээлтийн үеэр Дональд Трамп Гренландыг цэргийн хүчээр “хяналтдаа авах” боломжийг үгүйсгэсэн гэж мэдэгджээ.
Гренландын өөртөө засах засгийн газрын төлөөлөгчид тухайн арга хэмжээнд оролцоогүй байна.
| Данийн шинэ Засгийн газар Гренландын бүрэн эрхийг хамгаалахаа мэдэгдэв | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.