Шууд Chart

Нью Делид гарсан галын улмаас 21 хүн амиа алджээ

2026-06-04 11:40:30

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын өмнөд хэсгийн Малвия Нагар дүүрэгт 2026 оны зургаадугаар сарын 3-нд зочид буудал, ресторан байрласан дөрвөн давхар барилгад гал гарч, хамгийн багадаа 21 хүн амиа алджээ. 

Галын улмаас олон хүн утаанд боогдож, зарим нь барилгын дээд давхруудад гацаад байв. Ослын газарт найман гал унтраах машин ажиллаж, 40 гаруй хүнийг аварч, ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 49-д хүрчээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын иргэд байсан гэж албаныхан мэдээлсэн байна. “Ройтерс” агентлаг 12 гадаадын иргэн амиа алдсан гэж мэдээлсэн бол “Аль Жазира” энэ тоог 18 гэж дамжуулжээ. Харин цагдаагийн байгууллага хохирогчдын иргэний харьяаллыг бүрэн баталгаажуулаагүй байна.

Урьдчилсан байдлаар гал барилгын доод давхарт байрлах ресторанаас эхэлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа ч шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна. “Таймс оф Индиа”-гийн мэдээлснээр, барилга ганц орц, гарцтай байсан нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл учруулсан байж болзошгүй аж.

Цагдаагийн байгууллага барилгын эзнийг саатуулж, галын шалтгаан болон аюулгүй ажиллагааны шаардлага зөрчигдсөн эсэхийг шалгаж эхэлжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хохирогчдод тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Энэ нь Нью Дели хотод сүүлийн жилүүдэд гарсан хамгийн олон хүний амь эрсэдсэн галын ослуудын нэг болж байна.


Нью Делид гарсан галын улмаас 21 хүн амиа алджээ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй