Шууд Chart

Адууны халдварт цус багадах өвчний оношийг дмаэмб-ын лавлагаа лабораториор баталгаажууллаа

2026-07-10 09:09:15

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын Адууны халдварт цус багадах өвчний лавлагаа лаборатори болох БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн (CAAS) харьяа Харбин хотын Мал эмнэлгийн хүрээлэн (Harbin Veterinary Research Institute, HVRI)-ийн дэд захирал, адууны халдварт өвчин болон лентивирусийн судалгааны багийн ахлах эрдэмтэн доктор, профессор Сяожин Ван (Xiaojing Wang), доктор, дэд профессор Жэ Ху (Zhe Hu), хивэгч малын өвчний судалгааны багийн ахлах эрдэмтэн доктор, профессор Шинь Инь (Xin Yin), мөн тус хүрээлэнгийн Шинжлэх ухаан, судалгааны удирдлага, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга, доктор, профессор Жин Жан (Jing Zhang) нар 2026 оны 7 дугаар сарын 6–8-ны өдрүүдэд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид (УМЭАЦТЛ) ажиллалаа.

Айлчлалын гол зорилго нь УМЭАЦТЛ-ийн Мал, амьтны оношилгоо, тандалтын лабораторид оношлогдсон Адууны халдварт цус багадах өвчин (Equine Infectious Anaemia, EIA)-ий эерэг сорьцын оношилгооны үр дүнг ДМАЭМБ-ын лавлагаа лабораториор баталгаажуулах явдал байв.

Энэхүү ажлын хүрээнд тус хүрээлэнгийн эрдэмтэд өөрсдийн баталгаажуулах түвшний оношлуур, урвалжийг авч ирэн, УМЭАЦТЛ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран харьцуулсан баталгаажуулах шинжилгээг газар дээр нь хийж гүйцэтгэв.

Баталгаажуулах шинжилгээний дүнгээр УМЭАЦТЛ-ийн оношилгооны үр дүн лавлагаа лабораторийн үр дүнтэй 100 хувийн нийцэлтэй болохыг баталгаажуулсан нь тус лабораторийн оношилгооны чанар, найдвартай байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн чухал үр дүн боллоо.

Айлчлалын хүрээнд хоёр байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хамтарсан судалгаа, лабораторийн оношилгоо болон судалгааны чадавхыг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв.

Талууд цаашид адууны халдварт цус багадах өвчний тандалт, лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэх, баталгаажуулах шинжилгээний шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн сургалт, дадлага, туршлага солилцоог тогтмолжуулах, мөн хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр санал нэгдэв.


Адууны халдварт цус багадах өвчний оношийг дмаэмб-ын лавлагаа лабораториор баталгаажууллаа  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй