
“Ардчилсан нийгэмд мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг онцгой өвөрмөц агаад тухайлсан үүргийг ухаарч сэхээрсэн цагт ардчилал бүрнээ үнэ хүндтэй болох учиртай.”
Олон улсын Сэтгүүлчдийн холбооны Их хурлын “Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг”-аас Ц.Дашдондовын орчуулга
Хорьдугаар зууны эхэн хагаст радио, сүүлийн хагаст телевизтэй болсон нь Монголын тухайн цаг үеийн өвөрмөц үзэгдэл басхүү ололт байсан юм. Ерөөс, хүний сонордох, тольдох боломжийг огцом нэмэгдүүлсэн эдгээр хэрэгслийг оюунтнууд бодож олоогүйсэн бол сэтгүүл зүйн ойлголт унших хэрэглүүр болсон сонин хэвлэлээр хязгаарлагдах байсан биз.
Ази дахь анхны социалист орны нийгэм улс төрийн систем нам төвтэй, үзэл сурталжсан шинжтэй байсан учир радио мэдээллийн хэрэгсэл түүний дуу хоолой байжээ хэмээн дүгнэх үндэстэй. Гэхдээ монголчуудын нэгэн жарны түүхийг соронзон хальсанд “амьд” чигт нь шингээж үлдсэн гавъяаг хэн түүнээс булаах билээ.
1990-ээд онд ардчилсан нийгмийн үндэс суурийг тавьж, “шинэ” Үндсэн хууль баталснаар үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг иргэд эдлэх үүд нээгдэв. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эдэлж, биежүүлдэг нь тогтсон жишиг бөгөөд хэвлэлийн эрх чөлөө бодит буйн баталгаа. 1992 оны энэхүү Үндсэн хуулиар эрх зүйт төр нийгмийг эрхэмлэж буйгаа Монгол улс тунхагласан. Ийм шинжтэй улс оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэл давамгай үүрэгтэй байдгийг олон улсын баримт бичигт олонтаа заадаг. Олон нийтийн “сонирхол”-ын бүх хэсэгт мэдээлэл түгээх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг гэж Европын Хүний эрхийн Шүүх нэгэнтээ чанга дуугаар мэдэгдэн, алх цохьсон.
Радио, телевиз, сонин сэлт хөндлөнгийн хэн нэгний нөлөөлөл, оролцооноос ангид аваас хэвлэлийн эрх чөлөөгөөр амьсгалж байгаа нь тэр хэмээн мөн үздэг. Олон улсын сэтгүүлчдийн холбооны энэхүү тодорхойлолтыг НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллага, улс орнуудын засгийн газар хүлээн зөвшөөрдөг юм. Нэг талаас авч үзвэл хэвлэлийн эрх чөлөө нь улс орны жолоог атгалцаж буй хүмүүс асуудал ажил хэрэгт хэрхэн хандаж яваа хийгээд тэдний үзэл бодол чухам юунд чиглэж байгааг олон нийтэд нээн харуулах онцгой арга хэрэгсэл юм. Улс орныг өөд татаж хөгжүүл, бидний амьдралыг сайжруул гэсэн үүрэг өгч, өндөр сэнтийд суулган эрх ямба эдлүүлдэг болохоор, тэдний үйл хөдлөл, үзэл бодол иргэдэд ил тод байх ёстой. Эрх мэдэлтнүүдтэй хэвлэл мэдээлэл “зууралдах”-ын учир ердөө л энэ.
1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” хэмээн тунхаглаж, төрийн байгууллага мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хазаарлан, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт цензур тавихгүй байхаар тогтов. Гэхдээ, юманд учир, суманд занги гэдгийн үлгэрээр, борооны дараах мөөг шиг хэмээн нэгэн үе хэлүүлсэн хэвлэл мэдээллийнхэнд үүрэг хариуцлагыг нь сануулахаа хууль тогтоогчид мартаагүй. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэсэн салаа утга үгүй заалт тун товч энэ хуулинд бий. Хууль батлагдсан даруйд түүнийг хэрэгжүүлэх тухай заасан УИХ-ын тогтоолоор төрийн мэдлийн өргөн нэвтрүүлгийг олон нийтийн болгон өөрчлөн байгуулахыг зааж өгөв.
Түүнээс хойш долоон жилийн дараа 2005 оны 1-р сард батлагдсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг үндэс болгон, Засгийн газрын мэдэлд байсан үндэсний хэмжээний радио, телевизийг олон нийтийн “эзэмшилд” шилжүүлсэн юм. 2005 оны 7-р сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ОНРТ-ийн тухай хуулийн дагуу Монголын үндэсний радио, телевизийн Хэрэг эрхлэх газар татан буугдаж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз байгуулагдан, 2006 оны 2-р сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэв.
Монгол улсын хууль
2005.1.27. Төрийн ордон. Улаанбаатар хот.
Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай.
1 дүгээр зүйл. Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа дамжуулах, дахин дамжуулах техник, станц болон үндэсний радио, телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа 2005.1.1-ний өдрийн байдлаар тодорхойлогдсон 5.248.189.587 төгрөгийн үндсэн, 272.873.442 төгрөгийн эргэлтийн, бүгд 5.521.063.029 төгрөгийн төрийн өмчийн эд хөрөнгийг шинээр байгуулагдсан Олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол улсын Их хурлын дэд дарга Д.Лүндээжанцан
Монгол улс ийнхүү “Олон нийтийн радио, телевиз”-тэй болсон нь хууль тогтоогчдын зүгээс хожуу ч болохнээ хэвлэлийн эрх чөлөөг бататгах чиглэлээр хийсэн өндөр ач холбогдол бүхий чухал шийдвэрийн үр дүн байлаа. Монголын ард түмний хэдэн үеийн үүх түүхийг хөлс хүч, дуу шуу, зовлон жаргал, тэр бүү хэл “хар цагаан толбо”-той нь авч үлдсэн Монголын радио, түүний дүү болон мэндэлсэн Монгол телевизийг олон нийтийн “статус”-тай болголоо гэж хэн маргах. Өмчийн харьцаа тухайн нийгмийн шинж чанарыг тодорхойлж байдаг тухай нийгмийн шинжлэх ухааны ойлголтоор бол монголчууд хувийн өмчийг нийт дундын болгож эв хамтын нийгэм, улсын өмчийг хувь хүмүүст өгч хөрөнгөлөг нийгэм байгуулахын аль алинийг нь үзэж буй улс. Төр засгийн мэдлийн өмчийг харин анх удаа олон нийтийн болгосон нь тэр. Хувийн амины өмчийг эрхэмлэсэн “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-д чухам яагаад олон нийтийн, нийт дундын юм байх ёстой вэ? гэсэн асуулт эндээс ургана.
Ардчилсан төрт улс мөн эсэхийг шинжих шалгуурын нэг нь тухайн оронд бие даасан, хараат бус, зөвхөн олон нийтэд үйлчилдэг мэдээллийн хэрэгсэл бодит оршиж буй үгүйг нягтлах явдал юм билээ л дээ. Хувийн эзэмшил дэх арилжаа солилцооны үндсэн дээр үйл ажиллагаа нь явдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэртэй тэргүй Монголоор нэг. “Жинхэнэ чөлөөт, бие даасан” хэвлэл мэдээллийг тэд хөгжүүлж хөдөлгөж хөшүүрэгдэж буй. Хувь хүний өмч хөрөнгө, эрх, эрх чөлөөг эрхэмд үзэхийн сацуу нийтийн, нийгмийн, олонхийн хүсэл сонирхолд хөтлөгдөх шинж нь өнгөтэй өөдтэй амьдралын зам гэгдсэн ардчилсан нийгмийн мөн л нэг чанар. Түмэн олон, төр засаг, улс орны хөгжил дэвшлийн асуудал, үндэстний ой санамж - үүх түүх, хэл соёл гэхчилэн эрхэм үнэт зүйлс цөм нийт нийгмийн эрх ашиг. Чухам л үүний төлөө дугтрагч хүчтэй гар, сэтгэгч иртэй оюун нь “олон нийтийн радио, телевиз” болохыг соёлтой орны ёс зүйтэй сэтгүүлч нөхөд үйл хөдлөлөөрөө нотолдог.
“Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл байна.”
(ОНРТ-ийн тухай хууль. Дөрөвдүгээр бүлэг. 20-р зүйл. 1-р заалт)
Олон нийтийн төлөөлөл болж сонгогдон, томилогдсон 15 хүн манай радио, телевизийн удирдах дээд байгууллагыг бүрдүүлж, зохион байгуулалтын бүтцээс авахуулаад төсөв мөнгөний асуудлыг хэлэлцдэг. Үндэсний зөвлөл хэмээх тэрхүү субъектын үйл ажиллагаа үндэсний радио, телевиз бол “олон нийтийнх” гэдэг агуулгыг илэрхийлж байгаа юм. Ардчилал хөгжсөн орнуудад хэрэглэдэг энэ арга хийгээд ОНРТ-ийн тухай хуулийн үзэл санаа уг нь үнэ цэнэтэй эд.
Хуулинд заасан тодорхой шалгуур, үйл явцын дүнд олон нийт буюу төрийн бус байгууллагаас санал болгосон хүмүүсээс эрх бүхий 3 байгууллага тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар үйл ажиллагааны чиглэлийг нь харгалзан сонголт хийж, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн, УИХ-д өргөн мэдүүлнэ. Нэр дэвшигчдийг УИХ-аар хэлэлцэж, олонхийн санал авсан бол Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилно. Иргэний нийгмийн төлөөлөл гэх Төрийн бус байгууллага олон нийтийн ашиг сонирхлыг илэрхийлдэг гэсэн сонгодог утга бий. Тэдэнд анхдагч саналын эрхийг хуулиар олгосон болохоор 2005 оны 6-р сард болсон үйл явдал санаанд байдаг.
Монголын үндэсний радио “Хурд” агентлаг
Зохиогч Алтанзул /Зөвшөөрсөн ерөнхий редактор/
Мөрийн тоо 11 Нэвтрэх 6-р сарын 13
Нэвт: Төрийн бус байгууллагуудын зөвшилцөх уулзалтын тов тодорлоо.
Нэвт: Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж санал болгох журмын төслийг хэлэлцэн батлах зорилгоор Төрийн бус байгууллагуудын зөвшилцөх уулзалт маргааш 15 цагт Монголын хэвлэлийн хүрээлэнд болно. Журмын төсөл, ОНРТ-ийн тухай хуулийг олон нийт, төрийн бус байгууллагад урьдчилан танилцуулах, санал авах үүднээс Хэвлэлийн хүрээлэнгийнхэн Вэб хуудас ажиллуулсан байна. Журмын төслийг хэлэлцэн батлах уулзалтад төрийн бус статустай төв орон нутгийн олон нийтийн ямар ч байгууллага оролцох боломжтой. “Хуулийн дагуу нэр дэвшигчийг сонгох шалгаруулах үйл явц төрийн бус байгууллагын өөрсдийн эрх мэдлийн хүрээний асуудал байх болно” гэж ажлын хэсгийн ахлагч Оюунцэцэг уулзалтын товыг зарлах үеэр хэллээ.
“Өнөөдөр”. 2005.6.16 № 141
Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгох шалгаруулж, санал болгох журам. (2005.6.14-ний өдөр ТББ-уудын Зөвшилцөх уулзалтаар батлав.)
1.1 Энэхүү журмын зорилго нь ... ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд олон нийтийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалж ажиллах мэдлэг, чадвар, туршлага бүхий хүмүүсийг иргэний нийгмийн зүгээс сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхэд оршино.
2.1 Нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгох ажиллагаа нь аливаа нэгэн ашиг сонирхлын бүлгээс ангид, ил тод, шударга байна.
3.1 Үндэсний зөвлөлд санал болгох нэр дэвшигчийг ТББ-уудын чуулган зохион байгуулж, сонгон шалгаруулна.
(Журмаас товчлон авав.)
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн оролцоотойгоор Төрийн бус байгууллагууд дээрх журмыг үндэслэн дараагийн удаад шөнө дөл болтол хуралдаж, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нийт 34 хүний нэрийг санал болгож байжээ. Эрх бүхий байгууллагууд тэднээс сонгож, нэр дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцэн томилох үйл явц зарим талаар эргэлзээтэй байдаг ч ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн анхны 15 гишүүний зүгээс Монголын радио, телевизийг “олон нийтийн” болгох чиглэлд чамгүй ажил амжуулсныг цохон тэмдэглэх ёстой.
... 2. Монгол улсын хуулиар үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь тодорхойлогдсон төрийн бус байгууллагууд хоорондоо зөвшилцөх замаар Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох талаар зөвлөмж гаргах, Үндэсний зөвлөлийн анхны хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааныг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын болон Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороонд тус тус даалгасугай.
(Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолоос)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболд: - ... УИХ хуулийн дагуу хэлэлцэн, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг 15 хүний бүрэлдэхүүнтэй томилсон тогтоол гарч, анхны хурлыг зохион байгуулахыг бидэнд даалгасан. Өнөөдөр анхны хуралдааныг хийх гэж байна.
Үндэсний зөвлөлийн гишүүн (насны хувьд ахмад нь) Ц.Дашдондов: - Ирц хангалттай тул хурлаа нээе. Хэвлэл мэдээллийг либералчлах чиглэлээр Монголд их алхамууд хийгдлээ. ОНРТ-тэй боллоо. Анхдугаар хурал их ач холбогдолтой. Зөвлөл батлагдсаны дараа ажлын нэг өдөр болоод анхдугаар хурлаа хийж байна. Хэлэлцэх асуудалдаа оръё. Дараалал ёсоор Үндэсний зөвлөлийн даргыг сонгох асуудал байгаа.
Үндэсний зөвлөлийн гишүүн Г.Пүрэвбат: - Нас, ажлын туршлага, боловсрол, бүтээл зэргийг харгалзан МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч, Үндэсний зөвлөлийн гишүүн Содномдоржийн нэрийг ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргад нэр дэвшүүлж байна.
Үндэсний зөвлөлийн гишүүн М.Буянбадрах: - Нэр хүндтэй, нам бус, харьцангуй залуу, мэргэжил, хамгаалсан цол зэрэг нь Үндэсний зөвлөлийн даргын удирдан зохион байгуулах, хяналт тавих зэрэг үндсэн функцэд тохирох учраас Н.Золжаргалыг сонгох саналтай байна.
(Нэр дэвшигчид хөтөлбөрөө танилцуулав.)
Н.Содномдорж: -Би хөдөлмөрийн эдийн засагч хүн. УИХ-ын гишүүн байхдаа 12 хууль санаачлан батлуулсан. Төдий тооны ном бүтээл бий. Үндэсний зөвлөл хамтын шийдвэрийн байгууллага учраас улс төржих учиргүй. ОНРТ хөгжсөн орны туршлага судлах хэрэгтэй. Зорилго, зарчмаа хатуу баримталж, хамтын шийдвэр гаргаж ажиллах болно.
Н.Золжаргал: -Төрийн өмчөөс олон нийтийн өмчид шилжиж байгаа үед бид нар онцлог функцыг хүлээн авч байна. Хэвлэл мэдээллийн либералчлалыг бий болгох улс нь бид нар. 15 хүний хамтын хүчин чармайлтаас ажлын үр дүн харагдана. Туршлагатай олон хүн нийлээд бид энэ ажлыг аваад явчихна гэдэгт итгэлтэй байна. Би эдийн засагч, олон нийтийн удирдлагын чиглэлээр цол хамгаалсан. Төрийн өмчийг олон нийтэд шилжүүлж буй онцлог энэ үед итгэл хүлээлгэвэл хариуцлагатай ажиллаж чадна.
Ж.Занаа: -Өнөөдрийн сонинд Үндэсний зөвлөлийн даргаар өөрийнхээ хүнийг тавихаар тохирчээ гэж бичсэн байна. Энэ нь улс төрийн намууд өдөөн хатгасан зүйл байна уу?!
Г.Цэрэнпүрэв: -Хэвлэл мэдээллээр яригдаж байгаа зүйлийг нэр дэвшигчтэй холбон авч үзэж болохгүй.
О.Эрдэнэ-өлзий: -Радио, телевиз олон нийтийнх болохоор бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөх болно. Техник технологи нь сайжирвал олон хүний ажлын байр цомхотгогдох байх. Содномдорж гуай ҮЭ-ийн ерөнхийлөгч хүн. Танай байгууллагын салбар энд байгаа. Ашиг сонирхлын зөрчилдөөн гарах юм биш үү? Намаас чинь олон асуудал тавибал та яах вэ? Олон нийтийн байлгана гэсэн үүрэг авсан учраас энэ талаар асууж байна.
Н.Содномдорж: -Бид хөдөлмөрчдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргах ёсгүй. Бид хамтын байгууллага. Миний санал нэг л санал. Үндэсний радио телевиз бол Монголдоо нэг ноймерын байгууллага. Энд чадварлаг хүмүүс ажиллаж байгаа. Хүнийг хөгжүүлж болно. Намын тухайд, надад намд ямар нэгэн сонгууль байхгүй.
Н.Золжаргал: -Төр хамгийн муу менежер. Бид төрөөс илүү менежер байх ёстой. Энэ байгууллага сайн менежментийн үндсэн дээр ажиллах ёстой.
...Г.Чагнаадорж: -Санал хураалтын тооллогын комиссын үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажилтнууд гүйцэтгэнэ.
...Хуралдаан даргалагч Ц.Дашдондов хурал удирдах ажлаа шинээр сонгогдсон ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Содномдоржид шилжүүлэв.
(ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдааны тэмдэглэлээс.)
• ОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2005.11.11-ний тогтоол гаргаж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг Үндэсний зөвлөлийн даргад даалгав. Мөн өдрийн хуралдаанаас МҮОНРТ-ийн (“Монголын Үндэсний Радио, Телевиз” Олон Нийтийн Радио, Телевизийн дүрэм) дүрмийг батлан гаргав.
• “Засгийн газрын агентлагийг татан буулгах тухай” Монгол улсын Засгийн газрын 2005.12.7-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс тогтоол гаргаж, РТХЭГ-ын ашиглаж байсан төрийн өмчийг олон нийтийн өмчид хүлээж авах комиссыг Үндэсний зөвлөлийн нэр бүхий арван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилов.
• 2005.11.26-ны өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тогтоол гарч, Содномпилын Мягмарыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилов.
(ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдох он цагийн товчооноос.)
МҮОНРТ хэмээн гол төлөв товчлон бичдэг уртхан нэр нэршилтэй болсноос хойш эдүгээг хүртэлх 9 жилийн хугацаанд манай байгууллагын ажил “ногоон гэрэл”-ээр явсан уу, үгүй юу гэж энэ зуур асууж, басхүү эргэцүүлэхэд илүүдэх юун.
Амны билгээс ашдын билгэ гэдэг, бидэнд алдсанаасаа онож яваа нь жин дарна. Улаан гэрэл дайрах, шар гэрэл анхааруулан анивчиж буйг хайхралгүй адгах мэт санагдаж дотор давчдах үе ч бий. Үндэсний зөвлөл байгуулагдаж, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж байх үед асуудал их гарч байв. Засгийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн болгон төлөвшүүлэх ажил хуулинд заасны дагуу цагаан шугам татсан мэт өө сэвгүй байж чадаагүй юм. Тийм учир олон янзын үзэл бодол хурцхан хэлбэрээр илэрч байв.
- Цаг нартай уралдан аагчин гүйж сурвалжлан мэдээлж, ярьж тайлбарлан, үзүүлж харуулдагаасаа илүү олон сууж ажилладаг конторын хүмүүстэй болчихлоо.
- Байгууллагын бүтэц зохион байгуулалт урвуу шугаманд батлагдсан байна.
- Дарга удирдлагыг тохоон томилох аргачлал учир дутагдалтай.
- Хүмүүсийг тэр дундаа “сөргөдөг” хэдийг аттестатчилал нэрийн дор халах гэлээ гэхчилэн сэтгэл хангалуун бус хандлага гарч, энэ нь даамжирсаар Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаа өлсгөлөн тэмцэлдээ хүрч байв. Энэ тухай хэл чимээгүй өнгөрвөл 80 жилийн түүхийн нэгээхэн хэсгийг бүрхэгдүүлсэн ял зэм хожмын цагт үүнийг тэрлэгчийн хаягаар ирж магад.
Бидний эзэн - сонсогч, үзэгч олон нийт. Чухам тэдний эрх ашиг, хүсэл сонирхол, үзэл хандлага МҮОНРТ-ийн үйл ажиллагааны жанжин шугам байж, ажил хэрэгт маань тусгалаа олох ёстой. Олон нийтийн юм уу, тийм гэдгийг чухам яаж батлах юм гэж үндэсний радио, телевизийн бидэнд хандаж асуух хүн цөөнгүй. Асуулт тавьж буй иргэн хэн ч бай олон нийт гэдэг ухагдахуунд өөрөө угтаа хамаарна. “Минийх” гэлгүй чухам яагаад ингэж асуугаад байгааг ухвал, ямар нэгэн хариулт эрх биш олдоно. Эргэлзсэн, үгүйсгэсэн тэрхүү шинж үг хэл, үзүүлж буй юмс, бүтэц зохион байгуулалт, “алсын хараа” гэхчилэн үйл ажиллагааныхаа байдалд үнэлэлт дүгнэлт өгч, “энэ радио, телевиз минийх, миний төлөө ажилладаг” гэж дугаар хорооны иргэн хэлэх хүртэл ажил хэргээ цэгцлэх шаардлагатайг бидэнд басхүү хэлээд байгаа юм.
МҮОНР-гийн Утга зохиолын нарийн бичгийн дарга Д.Байгалмаа
Бидний эзэн олон нийт | ||
Үзсэн: 2856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.