
1980 он. Радио гэдэг их айл төв шуудангийн дөрөвдүгээр давхарт байх. Миний бие нэвтрүүлэгчээр шалгуулахаар очтол, зүсийг нь үл мэдэх хэрнээ, их л танил болсон олон содон дуу хоолой энд тэндгүй сонсогдоно. Би багаасаа л Радио байнга сонсдог байсан болохоор, тэднийг “Нэвтрүүлэгчид” болохыг төвөггүй мэдэж, битүүхэндээ танимхайран, шууд л нэр оноож бахархан харж зогслоо.
Гэтэл Чулуунбат нэрээр илт танигдсан нүдэнд дулаахан цэмцгэр эр, хажууханд минь хэн нэгэнтэй хөөрөлдөн зогсоход, би түүний ярихыг тун ойроос сонсох болсондоо ихэд олзуурхаж, ёстой л нүд чихээ өгч байлаа. Тухайн үед тэр сайхан хүнтэй танилцаж ярилцах хүсэл нэн их байвч, миний хүндэтгэж эмээсэн сэтгэл бидэн хоёрыг учруулаагүй юм. Гэвч, хэзээ нэгэн цагт нүүр тулан уулзахын билэгдэл бодсоор “Монгол төрийн их дуу хоолой” болсон тэрхүү том өргөөнөөс сэтгэл өндөр гарч билээ.
Тэгтэл төд удалгүй “тэнцсэн” хариу сонсож, мөнөөх хүсэж мөрөөдсөн ажилдаа хөл тавихад, миний багшаар Г.Чулуунбат гавьяат тодорч, би гэдэг хүн давхар баярт умбах нь тэр...
1967 он 9 сарын 276 МУСГЗ нэвтрүүлэгч Г.Чулуунбат, Б.Хишгээ нар телевизийн анхны мэдээ дамжуулж байгаа нь...
Тэр цагаас хойш 35 жил болж, Монголын радио 80 жилтэйгээ золгож буй энэ мөчид, МУСГЗ нэрт нэвтрүүлэгч Г.Чулуунбат багшийнхаа тухай бахархан өгүүлюү.
Гончигжавын Чулуунбат. Тэр 1967 онд Монгол улсад телевиз үүсэн байгуулагдахад анхны нэвтрүүлэгч нь байж айл бүрийн хойморт олон жил тухлаж, бас он удаан жил радиод ажиллаж эх орон даяар дуугарч, мөн төрт ёсны бүхий л үйл ажиллагааг байнга хөтлөн явуулж, түүхийг мөнхлөгч баримтат киноны тайлбарыг хэдэн зуугаар уншсан гээд төр түмэндээ төгс танигдсан “Төрийн дуу хоолой” мөнөөс мөн бөлгөө. Ямартаа л нам бус тэрээр, цаг цагийн сонгуульд өөрийн сонголтгүйгээр бүх нам болоод сонгогдогч олонд уригдан, хамгийн эрэлт ихтэй хүн болчихов? Гэсэн ч жудаг ёсыг бодон сөрөг хүчинтэй нь үл найрсах тул ёстой л анх уургалж авсаных нь “Аз” болдог гэлтэй.
Учирлаваас: үгэнд сүр хүч өгч сэтгэл нэмж дуугарах, эсвэл идэвхгүй уншилтаар гол санааг нь бүрхэгдүүлэн сулруулах гэхчилэн, үгийг ямар өнгөөр яаж илэрхийлэх гэдэг бол тухайн нэвтрүүлэгчийн –утга урлах ухаан, авьяас чадвар, мэдлэг мэдрэмжтэй нь шууд холбоотой юм.
Үнэндээ ийм байхаас ч илүү бүхэн, зөвхөн Чулуунбат гэдэг хүнд л заяачихсан юм шиг бодогдох үе олон. Өөрөөр хэлбэл улс төрийн нийтлэл нэвтрүүлэг, уянгын хөрөг найруулал, уран зохиол яруу найраг, ухаант мэргэдийн үг сургааль бүхнийг сэтгэлд шингэтэл ухаан тээж уншиж буйг нь сонсвол “Аргагүй л том” агуу нэвтрүүлэгч юм даа гэж сүрдэн биширмээр...
Манай монголчууд аливаад гоц чадварлаг байхыг “Ясны” гэж ярьдаг. Тэгвэл яг л “Ясны төрмөл” буюу өдгөөг хүртэл бүх л цаг үед бүхнээс хол тасарч, жинхэнэ “Чадахын” үнэнг үзүүлэн, мэргэжлээрээ “Хаанчилж” яваа нэгэн бол нэрт нэвтрүүлэгч Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гончигжавын Чулуунбат юм. Үүнийг цаг цагийн нэвтрүүлэгчид бүгд л хэлнэ. Хэн ч маргахын аргагүй үнэн бол энэ.
Сонин болгож хуучлахад: 2012 онд Монголын Радиогийн “Нээлттэй хаалганы өдөр” болж их танхим гадна дотны хүнээр дүүрч хөл ихтэй болов. Уригдан ирсэн ахмад нэвтрүүлэгчдээр хүндтэй зочдыг танилцуулан, шүлэг найраг уншуулахад, уг ажиллагааг хөтлөж байсан өнөө цагийн өмнөө барих нэвтрүүлэгчдийн нэг МУСТА Ш.Бямбацогт “Г.Чулуунбат нэвтрүүлэгчийн дуу хоолойг сонсоод маш их сэтгэл хөдлөлөө. Таны дэргэд бидний унших гэдэг ч ёстой л “ичмээр дамшиг” гэдэг шиг л юм даа...
Бид ч гурилддаг юм байна даа” гэж хэлээд түмэн олныг нир хийтэл инээлгэж нижгэнэтэл алга ташуулав. Өдөрлөгийн дараа Ш.Бямбацогт бидэнд “Энэ хүний зүгээр ярих нь л “Амьд” сургалт шүү дээ. Сая дэргэдээс нь сонсоход бие арзайж, Гүрээ ахын хэлдэг шиг “Самсаа шархирна” гэдэг л боллоо” гэв. Мөн СТА нэвтрүүлэгч С.Гантөмөр “Би залуу байхдаа, Чулуунбат гэдэг хүнийг харахсан гэж их боддогсон. Тэр үед Чулуунбат гуай Москвад ажиллаж байсан юм билээ. Дуу хоолойг нь биширч, зав л гарвал дуурайж уншдаг байлаа. “Домог” болсон гайхалтай нэвтрүүлэгч шүү дээ” гэсэн юм.
Аливаа хүний амжилт бүтээлийн оргил он жилүүдийг ууланд авирахтай зүйрлэж оройд нь гарсан агшинг “Ид үе” нь гэвэл, Чулуунбат эрхэм “Ид үе” ихтэй явсан бяртай хүн. Тэр бэлээр нь эргэлдэж багахан өгсөж, дундуурханд нь хүрч яваагүй, бүр оргил дээр нь зогссон, маш удаан зогсож чадсан, одоо ч зогсож л байгаа гайхалтай нэгэн. Энэ бол байгалиас заяагдмал авьяас тэтгэвэрт гардаггүйн нотолгоо ажгуу. Жишээ нь “Уяхан замбуутивийн наран” уртын дууг, олон л дуучид дуулсан байдаг. Гэтэл Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Н.Норовбанзад гуайн дуулснаар сонсоход хүний хорвоогоос тасарч, хязгааргүй уужимд алсран цэлийх хөлгүй хөх орчлонд оччих шиг гайхалтай мэдрэмж төрдөг. Дууг амилуулах, дуучны эгэлгүй авьяас гэж үүнийг л хэлэх...
Үүн лугаа, нэвтрүүлэгч бүхэн л сэтгэл зүтгэлээ өгч, ур чадвараа уудлан байж уншихуйд Чулуунбат гавьяатын уншилт ямагт хол тасран илүүрхэж, нөгөө л “Ясных” гэдгээрээ ялгараад эхэлдэг.
2014 он Хоёр гавьяат 47 жилийн хойно, Үндэсний их баяр наадмыг 600-гийн студиэс албан ёсоор нээсний дараа...
Нөгөөтэйгүүр нэвтрүүлэгчдийг нэрж, хөтлөгчдийг хөглөж, уран бүтээлийнх нь урт замыг гэрэлтүүлсэн сайн багш бол Гончигжавын Чулуунбат. Тухайлбал Гавьяат нэвтрүүлэгч Ж.Батбаяр, С.Батцэрэн, Г.Отгон, Ц.Цэцгээ, Гавьяат сэтгүүлч (нэрт хөтлөгч) Ш.Гүрбазар, Ш.Ёолк нар цөм л гарынх нь шавь. Харин хамгийн отгон шавь нь телевизийн авьяаслаг залуу сэтгүүлч Г.Агааноров бөгөөд түүний хөтлөх ур чадварыг их багштан ихэд үнэлдэг юм билээ. Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Олон гавьяат шавь төрүүлж “өөрийн цолонд” хүргэсэн багшийгаа бид “Хөдөлмөрийн баатар” болох том гавьяатай, их бүтээлтэй ганц хүн дээ гэж багшаараа омогшиж явдагаа нуух юун. Ард түмэн ч бас ингэж хэлдэг, хүсдэг, хүлээдэг юм билээ.
Ийнхүү цөөнгүй нэвтрүүлэгч хөтлөгч төрүүлсэн энэхүү эрхмийг бас “Рекламны мангас” хэмээн нэрлэдэг. Энэ төрөлд өндөр мэргэшсэн “Боролдой” студийн захирал ноён С.Мягмар анх л гавьяатыг залж гарааг нь эхлүүлснээр нэг нь “Рекламны мангас” нөгөө нь “Рекламны загалмайлсан эцэг” хэмээн овоглогдох болсон юм. Анхдагч аваргуудыг ийн нэрлэхээс ч яахав.
Алдартай аавын хүү Чулуунбатын Идэрчулуун аавынхаа мэргэжлийг өвлөсөн төдийгүй “реклам” уншихыг нь адтай сурсан гэдэг.
Г.Чулуунбат гэдэг хүн 50 гаруй жил, төдийгөөс өдий хүртэл Монгол улсад болсон, болж байгаа гадаад дотоод асуудал, улс орны уналт босолт, өрнөл хөгжил, өөрчлөлт шинэчлэл гээд, ер үйл явдал бүхнийг цагийн цагт даацтай илэрхийлж байлаа. Түүнчлэн Монгол хүн сансарт ниссэн, монгол “Ардчилсан улс” болсон Эрдэнэт, Оюу толгойн орд харш нээгдсэн, Монголд 10,000 морь жагсаж, 3000 морь уралдан – Гиннесийн номд бичигдэх болсон гээд, тоо томшгүй том том түүх түүний төрмөл сайхан дуу хоолойгоор урсаж, Радио, телевиз, киноны мянга мянган хальснаа мөнхөрч, эх орны “Алтан түүх” болсны учир түүний авьяас билэг, агуу дуу хоолойг “Монголын түүх” гэхээс өөр яах билээ. Цаашилбал хилийн чанадаас дэлхий дахинд “Монгол ардчилсан улс” болсныг зарлан тунхагласан анхны нэвтрүүлэгч бол Г.Чулуунбат бөгөөд тэр Москвагийн радиод нэвтрүүлэгчээр ажиллаж байхдаа ийнхүү цуурайтуулсан юм. Тэрээр Москвагийн радиод хоёронтой томилогдон ажилласан бөгөөд гадаад улс орны 76 нэвтрүүлэгчээс тухайн үедээ цор ганцаараа хуучнаар ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар М.С. Горбачёвын гарын үсэгтэй үнэмлэх бүхий “Орден почёта” хүндэт тэмдгээр шагнагдаж байсан удаатай. Ийнхүү их гүрний төр монгол хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн үнэлэмж, тийм ч их байдаггүй болов уу?
Багш маань гавьяат хүнийхээ хувьд дэндүү даруухан атлаа, цаанаа л нэг ихэмсэг бас эрхэмсэг. Хүн муу хэлэх тун дургүй, хэрэв хэлчихмээр зүйл байваас, шууд л өөрт нь хэлчихнэ. Хүн ялгана гэж үгүй. Сайн хүндээ ямагт сайн байж чаддаг олон зангүй, цэвэрч нямбай, хувийн зохион байгуулалт сайтай хүн. Ийм байж гэмээнэ олонтой явж, хүн хүнээс хүндлэл хүлээдэг бизээ.
Ингээд найрагчдын шад шүлгэнд бичигдсэн шиг “Чихэнү чимэг болсон – цангинах дууны эзэн эрхэм багш таньдаа, эрүүл энхийг хүсч, энэхүү бичвэрээ өндөрлөюү.
МУСГЗ “Гоо марал” шагналт нэвтрүүлэгч Г.Отгон
“Түүх” тамгалсан – “төрийн их дуу хоолой” | ||
Үзсэн: 7608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.