Шууд Chart

Нойр хүрдэггүй ээ ...

2015-01-14 13:02:31

/Нэг хүний үглэлт өгүүлэмж/

... Урьд нь айл амьтан бужигнаж түжигнээд унтуулдаггүй байсан. Одоо бүр элдэвийн юм бодогдоод нойр ч хүрэхээ байж. Балдан хэд хоног ууц нуруу нь өвдөөд болдоггүй. Би өчигдөр, өнөөдөр хоёр нөгөө цагаан утсыг нь барьж баахан зогслоо. Балдан гэдэг чинь манай хөршийн нэг буурал байдаг юм. Амьдрал нь хэцүү. Ганц өргөмөл охинтой. Охин ч гэж дээ одоо бараг авгай, нөхөр нь эрт хаяад явчихсан юм. Хөгшин нь тээр жил сөхрөөд өгсөн юм. Тэр охин нь мах комбинатын өлөнгийн цехэд байдаг юм уу даа хаашаа юм. Тэгээд аав зүгээр гэрт суухаар утас бариад зогс гэсэн юм байх.
 
Одоо энэ гадуур барьж зогсоод хүн яриулдаг утас байна аа даа. Тэрийг чинь л хэлж байгаа юм. Өчигдөр зогссон золтой л осгочихсонгүй. Амьтан хүн ес эхэлчихлээ гэх юм. Энэ зурхайчид ч юугаа зурж суудаг юм бэ? Уг нь арванхоёр дугаар сарын хорь гээд ес эхэлдэг гэдэг мэдэхгүй. За тэр ес мөс ч яамай. Энэ цагаан утас ер нь золигийн эд юм. Хоёр хоног зогсоход юу эс сонслоо. Өчигдөр нэг гайгүй сайхан хувцастай аюулгүй зүс царайтай хүүхэн ярьж байна аа.                                                                     
 
Өвгөн нь өнөөдөр Багануурт шалгалтаар явах боллоо. “Жилийн эцсийн ажлын дүн шалга гэж дарга тушаасан оройн суудлаар гараад өглөө очоод орой гэхэд хүрээд ирнэ” гээд өвгөндөө санаа зоволтгүй гэх юм. Цаад талд нь нэг жирэвгэр сахалтай хар юм зогсож байна лээ. Тэгээд тас тас инээгээд таксинд суугаад явчихсан, бодвол вокзал явсан юм байлгүй. Энэ хүүхнүүд үү. Нэг жаравгар хүүхэн бас хэд хэд ч ярив даа. Ахаа, хүүхэд өвчтэй нөхөр хаяад явсан, бүр улаан мөнгөгүй болчихлоо нэг яриулаач гээд...  Бүр салахгүй ярих нь яана аа. Тийм өвчин зовлонтой хэцүү юм байх гэсэн .. сонсох нь бүү хэл хажууд нь зогсохоос сэжиг хүрмээр бузар юм ярих юм аа. Бас энэ залуучууд уу. Нэг савхин куртиктэй, гайгүй томоотой болов уу гэмээр залуу бодвол эхнэртэйгээ хэрэлддэг юм уу яадаг юм гудамжинд хуц ульдаа хүрээд миний ичсэн гэдэг.    
 
Олны дунд гудамжинд юу юу гэнэ вэ? Завхай зайдангаараа дуудаад. Ичиж эрээлхэх юм гэж алга алга. Тэгэх хэр нь өөрөө нэг хүүхэн дагуулчихсан, тэр нь дэнжигнэж донжигноод согтуу юм уу хаашаа юм тэгээд хоёулаа хөтлөлцөөд яваад өгчих юм. Би бүр нөгөө дугаараар нь гэр рүү нь залгамаар санагдаад золтой л ярьчихсангүй.                                 
 
 Аа... тийм өнөөдөр нэг албан хаагч байрын залуу “даргаа би Худалдаа хөгжлийн банкан дээрээс ярьж байна, нөгөө хүн чинь хүлээгээд ирдэггүй одоо Сангийн яам явлаа” гээд над руу нүд ирмээд тэр чигээрээ эргэж харалгүй яваад өгсөн би чинь хар хорин захын хойд буудал дээр зогсож байсан хүн байхгүй юу? Араас нь гүйж очоод алив мөнгөө төл гэсэн чинь, урдаас уурлаад юун сүртэй юм бэ? Мартчихсан нь л биз гээд баахан доромжлов.
 
Халаасаа ухаж ухаж халтар зуут гаргаж өгөөд муусайн юмнууд давраад байдаг юм наадах чинь ингэж зогсох хориотой, цагдаад өгчих юмсан... юу юу гэнэв ээ, ёстой нэг бузартай амьтан байна билээ. Тэр муухай амьтанд загнуулж бүр дарамт ихэдчихлээ байна. Хүмүүсийн худлаа ярихыг яана аа. Би энд явж байна, тэнд явж байна, тэгсэн болдоггүй, ингэсэн чинь больчихлоо ч гэх шиг. Худлаа ярьж байгаа хүн андашгүй. Ер нь утас барьж зогсож байгаа хүмүүс элдвийн юм сонсдог юм даг аа. Нэгэнт мөнгөө төлөөд ярьж байгаа юм хойно одоо ярьж л байхаас биш. Сонсож зогсох нь хэцүү юм. Тэр нэг Багануур руу яваа хүүхэн яах аргагүй нөхөртөө худлаа ярьсан. Яана даа яана. Бүр нэг зэвүү хүрээд, нойр хүрдэггүй. Ер нь Балданг утас барьж битгий зогс гэж хэлдэг ч билүү. Элдвийн юм дуулж сэтгэл нь хямраад хэвтсэн дэг ээ. Ээ тэр нэг Багануур явсан хүүхэн үү... Нөхөрт нь хэлчих юмсан.
Нийтэлсэн: Г.Золжаргал

Нойр хүрдэггүй ээ ...  
Үзсэн: 1772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй