Шууд Chart

Хаалттай хаалганы цаана хэн хоцров?

2015-01-20 10:01:27

“Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг хаалттай хаалганы цаана хоцорсон нэгэн гэр бүлийг сурвалжлахаар ням гарагт хотоос баруун тийш орших “Баруун туруун” хэмээх газрыг зорилоо. Бидний очсон айлд дэрсхэн өссөн арван жилийн хоёр охин, дөнгөж хөлд орж яваа ой гарантай хүү, түүнээс арай том гурван настай жаал гээд дөрвөн хүүхэдтэйгээ хоцорсон нулимстай ээж байсан юм. Энэ гэрийн цохилох зүрх болсон эр нөхөр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд "Алтайн хүдэр" компанийн Бургалтайн боомтод ажиллаж байгаад амь насаа алдсан. Яг хоёр сарын дараа нэгдүгээр сарын 18-ны өдөр бид талийгаачийн гэрт очиж, хэрэг явдал хэрхэн шийдэгдэж байгааг эхнэр Д.Баярмаагаас нь тодруулсан юм.

- Ахин дахин сэтгэлийн шархыг тань хөндөж байгаад уучлаарай. Та хэд ямархуу байдалтай байна даа?
- Нөхрөө байхгүй болчихсон гэж ерөөсөө бодогдохгүй нэг л дасаж өгөхгүй хэцүү л байна. Ажлаа хийгээд явж байгаа юм шиг, нэг өдөр ороод ирэх юм шиг санагдах юм. Мэдэхгүй дээ. Энэ дөрвөн хүүхэд л намайг торгоож байх шиг байна даа. Өдөр нь ч яахав. Хэдэн хүүхдүүддээ сатаараад, шөнө болохоор унтаж чадахгүй, хөрвөөсөөр байгаад л таарах юм.

- Та хүүхдүүдийнхээ тухай яриач? 
- Том охиныг маань М.Уянга гэдэг. Одоо 11 дүгээр ангид сурдаг. Юу ч дуугарахгүй, энд тэнд очоод чимээгүй суучих юм. Нэг өдөр хичээл дээрээ уйлаад сууж байсан гэсэн. Дараагийн охин М.Солонго маань 13 настай. Энэ хоёр минь үүрээр 6:00 цагт босоод Баруунтуруунаас нэгдүгээр хороолол руу хичээлдээ яваад, орой харуй бүрийд л ирдэг. Уг нь аав нь энэ ажлаа хийж ирээд охидоо хот руу, сургууль соёлд нь дөхүүлнэ гэж ярьдаг байсан юм. Дараагийн хүү маань гурван настай М.Мөнх-Эрдэнэ. Энэ маань байнга л аавыгаа асуух юм. Гадаа машин дуугарахаар аав ирлээ, аав ирлээ гээд... Тэгээд өөр хүн ороод ирэхээр аав яагаад ирэхгүй байгаа юм бэ гэнэ. Би буруу хараад уйлаад зогсчихоор одоо аав хүрээд ирнэ, та битгий уйл гэж аргадна. Гурван настай хүүхдийн санаанд багтамгүй үгс хэлэх юм. Ухаан суучихсан юм болохоор аавыгаа их асуух юм аа. Бага маань ой гарантай. Одоохондоо юугаа ч мэдэхгүй. Манай талийгаач хүүтэй болчихлоо гээд хичнээн их жаргалтай байлаа даа. Гэтэл нэг л өдөр ийм юм болчих гэж.

- Танайхыг банкны зээлтэй гэж сонссон. Зээлийн өр төлбөр тань руу шилжсэн үү. Хэдэн төгрөг төлөх юм бэ? 

- Манай талийгаач чинь одоо энэ гадаа байгаа том машиныг 70 саяар зээлээр авсан юм. Тэгээд зээлээ төлж дуусаад банкинд барьцаалаад дахиад 20 сая төгрөгийн зээлээр чиргүүл авсан. Сардаа үндсэн зээл, хүүтэйгээ 500 гаруй мянган төгрөг төлдөг. Тэгээд бид нар ийм юм болсны дараа банкинд хандаад хүү төлөлгүй, үндсэн зээлээ төлчихье гэдгээ хэлсэн. Гэтэл тийм юм байхгүй ээ гээд шууд л зээлийг нь миний нэр дээр шилжүүлсэн. Нэр шилжүүлэхэд хүртэл шимтгэл гээд дөчин хэдэн мянган төгрөг авдаг юм байна лээ. Ажил явдал болсон болохоор эхний 6 сардаа үндсэн зээлээ төлөхгүйгээр зээлийн хүү гэж 400 гаруй мянган төгрөгөө төлөөрэй гэж байсан.

- Одоо та тэгээд яаж амьдарна гэж бодож байна даа. Хүүхдүүдээ сургуульд нь ойртуулж хот руу нүүх үү?
- Одоохондоо мэдэх юм алга л байна. Хот руу нүүе гэхээр энэ байшин сав чинь талх шиг тийм амархан зарагдахгүй. Ажилд орно гэхээр бага хүү цэцэрлэгт орох нас болоогүй. Уул нь ажилд орох гээд бичиг баримтаа бүрдүүлчихсэн байсан. Гэтэл одоо ингээд эр нөхөр минь байхгүй болчихлоо. Хот руу шилжих үү, яах уу гээд олон асуудлаа шийдэж байж, ажил төрөлдөө орох байх даа.

- Компанийн зүгээс та хэдтэй холбогдсон уу?
- Ажил явдал болж байх үед "Глобал Транс" гээд манай хүнийг ажилд зуучилсан компаниас хүн ирсэн. Харин "Алтайн хүдэр" компанийн тухайд ядаж хүн ёсоор эмгэнэл ч илэрхийлээгүй. Тэр компанид одоо юу ч гэж хэлэхэв дээ. Хэлэх юм байдаг бол хэдэн хүүхдийн минь аавыг босгоод ир гэмээр л байна. Осол болоход нөхөрт минь анхны тусламж ч үзүүлээгүй юм билээ. Анхны тусламж үзүүлсэн бол амьд ч байх байсан юм бил үү. Энэ компани үнэхээр арай дэндүү. Яагаад тийм дуут дохиогүй, гэрэлгүй машин техник ажиллуулж байсан юм. Үнэхээр замбараагүй. Одоо хэрэг нь шалгагдаж л байгаа. МХЕГ-ын дүгнэлт нь үйлдвэрлэлийн осол гэхгүй, бараг манай талийгаачийг буруутгаж гараад байгаа юм биш үү. Манай талийгаач чинь зорилготой, хөдөлмөрч, ажилдаа хариуцлагатай ханддаг, архи дарс уудаггүй, үр хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө гэсэн сайхан хүн байсан юм. Одоо бид нар лхагва гарагт өмгөөлөгчтэйгээ хамт Говь-Алтай аймаг явахаар төлөвлөж байна. Ер нь хэвлэл мэдээлэлд хандаад нээлттэй байгаа нь дахиад ийм осол битгий гараасай, дахиад хүн нас барж, үр хүүхдээ өнчрөл хагацалд учруулахгүй байгаасай гэсэндээ л ингэж яриад байна. "Алтайн хүдэр" дээр аль эрт долоо, найман хүн нас барахад хариуцлагатай хандсан бол манай хүн амьд байх байсан ч юм бил үү гэж бодогдох юм.

Ярилцсан: МҮОНР-ийн “Хурд” агентлаг.  “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Хаалттай хаалганы цаана хэн хоцров?  
Үзсэн: 2653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-01-23 21:20
Eronhiilogch. eronhii said. zasgiin gazarhan. huuli hynaltiinhan ard tumen chin yaj amidarch baigaag gazar deer n gereltei tsonhnii tsaanaas bish horson deer n ergej harhad iluudehgui boljee
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-01-23 21:12
Хэрэв Алтайн хүдэр ХХК ны эмх замбараагүй байдлыг шалгадаг, сануулдаг, хаадаг, арга хэмжээ авдаг байгууллага нь ажлаа хийж шалгаж шаардаж засаж залруулж явсан бол ийм олон айлыг эмгэнэлт явдалд хүргэхгүй л байсан болуу тэр том компианы хуулийн асуудал хөдөлмөр аюулгүйн асуудалд хариуцаж ажиллаж байгаа хүмүүс чинь юугаа хийж хуруугаа тоолж суудаг улс вэ тэднийг хариуцлагат татаж явах ёсой газарт нь явуулаж торны цаана суулгасанч багадах юм бишүү
202.5.206.xxx [202.5.206.xxx] 2015-01-23 14:41
yuuuuuuuuuu veeeeeeeeee 7, 8 hun nas barahad humuusiin ayulgui baidliig hangah tal deer yu ch hiigeegui baisan hereg uu? Humuusiin ami amidral ingej handaj bolohgui. Baiguullagiig shuuhed ogoh heregtei.
83.249.199.xxx [83.249.199.xxx] 2015-01-20 18:30
unenheer setgel shimshirmeer yumaa..
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2015-01-20 11:35
altain huder gej kompany butehgui ee, ezen n luivarchin um chn, ajilchidaa bnga shuldag, hulhiddag gazar shuude
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-01-20 11:29
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй