Шууд Chart

Зэсийн үнэ буурч, үйлдвэрүүд алдагдалтай ажиллах нь...

2015-01-22 14:32:52

Өнгөрсөн онд манай улсын зэсийн баяжмалын экспорт хоёр дахин өссөн үзүүлэлт гарлаа. 2013 онд 586 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон бол, өнгөрсөн онд 1.2 сая тонныг экспортолсон байна. Оюутолгой компанийн үйлдвэрлэл өнгөрсөн онд өссөн учраас зэсийн баяжмалын экспорт ийнхүү нэмэгдээд байгаа юм. Тус компани өнгөрсөн онд 148 мянган тонн зэс, 589 мянган унци алт, 893 мянган унци мөнгөний агуулгатай 563 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Оюутолгойн баяжмал өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдэхийн зэрэгцээ, хүдрийн агуулга нэмэгдсэн учраас металлын гарц өссөн байна.

Оюу толгойн үйлдвэрлэлийн үзүүлэлт

2013 оны 4-р улирал

2014 оны 1-р улирал

2014 оны 2-р улирал

2014 оны 3-р улирал

2014 оны 4-р улирал

2014 он

2013 он

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

129.5

102.9

140.0

134.1

186.7

563.6

290.0

Баяжмал дахь зэс (‘000 тонноор)

32.9

25.3

36.2

36.6

50.3

148.4

76.7

Баяжмал дахь алт (‘000 унциар)

74

66

113

132

278

589

157

Баяжмал дахь мөнгө (‘000 унциар)

208

163

229

216

286

893

489

Эрдэнэт үйлдвэрийн тухайд өнгөрсөн онд 29 сая тонн хүдэр олборлож, 26 сая тонныг нь боловсруулсан байна. Үүнээс 690 мянган тонн баяжмал гарган авсан мэдээлэл байгаа юм. Ийнхүү “Эрдэнэт”, “Оюутолгой” нийлээд өнгөрсөн онд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Энэ оны тухайд уг хоёр үйлдвэр 1.4 сая тонн зэсийн баяжмал дэлхийн зах зээлд экспортолно гэж 2015 оны төсөвт тусгасан. Гэвч дэлхийн зах зээлд зэсийн эрэлт буурч магадгүй гэдэг үндэслэлээр экспортлохоор төлөвлөсөн хэмжээг 150 мянган тонноор бууруулахаар 2015 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, энэ хоёр үйлдвэр өнгөрсөн жилийнх шиг 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа юм. Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөөг ингэж бууруулахаар төлөвлөсөн ч, үнийг хэвээр үлдээхээр тооцсон байх юм. Нэг ёсондоо, 2015 оны төсөвт тусгагдсан 6354 ам.долларыг хэвээр үлдээхээр төлөвлөжээ.  Ийнхүү энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал, тонныг нь 6354 ам.доллараар худалдахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор, зэсийн баяжмалаас 254 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Ийнхүү манай улс  энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмалыг тонныг нь 6354 ам.доллараар худалдахаар төлөвлөж, уг түүхий эдээс 253 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахаар төсвийн тодотголын төсөлд тусгаад байна. Гэвч энэ төлөвлөгөө тасалдаж магадгүй байна. Лондоны металлын биржид сүүлийн нэг сарын дотор зэсийн үнэ 800 гаруй ам.доллараар буурч, 5600 ам.долларын дундаж ханштай болоод байгаа учраас тэр юм. Тиймээс энэ асуудлаар Монголын бизнесийн хөгжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөнтэй ярилцсан юм. 


Дэлхийн эдийн засаг энэ онд буурахтай холбоотойгоор зэсийн эрэлт буурч, үнэ нь доошилж байгааг Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн менежер Б.Гөлгөө хэлж байна. 

Зэсийн үнэ цаашид буурвал “Эрдэнэт” болон “Оюутолгой” компанийн борлуулалтын орлого буурах юм. Тухайлбал, зэсийн үнэ 5500 ам.доллар болвол “Эрдэнэт” үйлдвэр 100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо байна. Харин 5000 ам.доллар болвол тус үйлдвэр 183 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах юм байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэр хямралын үеийн төлөвлөгөөндөө шилжжээ. Энэ хүрээнд нэмж ажилтан авахгүй байх, компаниудаас бараа, бүтээгдэхүүн авах гэрээ хийхгүй байхаар болоод байгаа юм. Энэ тухай Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга Г.Галбаатар ингэж ярьж байна.  

Эрдэнэт үйлдвэрээс манайд албан ёсоор ирүүлсэн Б.Гөлгөө, Г.Галбаатар нарын яриаг ашиглав.

Нийтэлсэн: А.Энхтуул

Зэсийн үнэ буурч, үйлдвэрүүд алдагдалтай ажиллах нь...  
Үзсэн: 2685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй