
Өнгөрсөн баасан гарагт дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сургууль болон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нартай ээлжит уулзалтаа хийв. Уулзалтын эхэнд Засаг дарга “Өнгөрсөн онд бидний хамтын ажиллагааны үр дүнд боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтүүд бий болж ахиц дэвшил гарсан жил байлаа гэдгийг онцлоод цаашид бид олсон амжилтаа бататган юу болж, юу болохгүй байгаа талаар ярилцан дүүргийн хөрөнгө оруулалтаа хэрхэн зөв зүйтэй зарцуулж, хаана ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар санал солилцохоор уулзаж байна” гэлээ.
Захирлууд бүгд сургуулиудынхаа онцлогийг тайлбарлаж энэ онд ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар танилцуулав. Тухайлбал, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн захирал А.Бадамцэцэг “Сургуулиуд спорт заалны засвар гэж будаг л хийдэг. Иймээс бүх сургуулийн спорт заалыг жигд сайхан тохижуулаад тоног төхөөрөмжүүдтэй болгож болох юм. Мянганы сорилтын санд төсөл бичиж гаргахад арван сая төгрөгт спорт заалыг иж бүрэн тохижуулж болохоор байсан. Эсвэл компьютерийн кабинетыг тохижуулна гэвэл мэргэжлийн багш нараар нь төсөл бичүүлвэл боломжтой. Эсвэл аль сургуульд юу хэрэгтэй байна танайд тэдэн төгрөгийн төсөв хуваариллаа танайх энэ төсөвтөө багтаагаад хэрэгцээтэй юм аваарай гэж болно” гэсэн санал хэлсэн юм.
Мөн XI дунд сургуулийн захирал Н.Энхжаргал “Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт батлагдаад шинэ байртай болж байгаад баяртай байгаа. Дүүргийн Засаг дарга эрэгтэй, эмэгтэй сурагчдын иж бүрэн технологийн танхимтай болгож өгнө гэсэн. Манай сургуулийн биеийн тамирын заал газар дээрээ үлдсэн. Заал маань 1996 онд батлан хамгаалахын шугамаар америк цэргүүд барьсан. Одоо бүх цонхнууд нь хаагддаггүй гажсан мөн агааржуулалтын систем хийгдээгүй. Ийм байдалтай байгаа учир зааландаа засвар хийлгэмээр байна” хэмээн саналаа хэлсэн юм.
ӨЭМТ-ийн дарга нар ч мөн өнгөрсөн онд шийдүүлж, шинэчилсэн тоног төхөөрөмжийнхөө давуу талуудыг танилцуулж, энэ онд иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад эмгүй эмчилгээний буюу физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд нэн шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм. Дээрх саналууд Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст нэгтгэгдэн хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт гарах юм.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга ээлжит уулзалтаа хийв | ||
Үзсэн: 1439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.