
Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг уламжлалтай. Үүний дагуу өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж “Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулах, “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх, Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам” төслийн гэрээг байгуулах зэрэг хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаснаас гадна дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруулбал,
-2015 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, бүрэлдэхүүнийг батлахыг тус хорооны Монгол хэсгийн дарга, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.
-Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хэмжил зүйн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг дэмжиж, холбогдох журмын дагуу хамтран батлахыг Хууль зүйн сайд, Шадар сайд нарт зөвшөөрлөө.
-Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн 2015 оны 4 дүгээр сард БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
-Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар шийдвэрлэлээ.
-“Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, албажуулахаар тогтлоо.
-Газрын нэгдмэл сангийн 2014 оны улсын нэгдсэн тайланг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 3 дугаар сард ХБНГУ-ын нийслэл Берлин хотод хийсэн ажлын айлчлалын дүн болон “ИТБ-Берлин 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон тухай илтгэх хуудсыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгалаа.
Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.