Шууд Chart

Засгийн газар хуралдлаа

2015-04-07 12:47:34

Засгийн газар долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өчигдөр Засгийн газар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдсэн байна.

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцээс Нисэх буудлуудын удирдах газар, Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын чиг үүргийг тусгаарлан “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгууллаа. 
 
-“Алтанбулаг”, “Замын Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
 
-Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн 2015 оны дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
 
-Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2015 оны хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
 
-Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын нишүүдэд танилцуулав. Тус өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай мөнгийг Засгийн газрын нөөц хрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
 
-2015 оны дөрөвдүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын тухай Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Гурван улсын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг дэмжив.
 
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тодорхойлсон эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг барих “Шинэ төмөр зам” төслийн ажлын явцын талаар Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
 
-“Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтод шилжих явцыг удирдах нь” сэдэвт Монгол Улсын сайн дурын үндэсний илтгэлийн төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат  Засгийн газрын гишүүдэд танилцуулав. “Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтод шилжих явцыг удирдах нь” сэдэвт Монгол Улсын сайн дурын үндэсний илтгэлийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хүргүүлэхээр тогтов.
 
-“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2014 оны хэрэгжилтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд удааширч байгаа зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
 
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
 
-Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын тогтоолын дагуу хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй эхний 12 компаний хүсэлтийн дэмжсэн албан тоотыг Монгол банкинд хүргүүлжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 648 өргөдөл хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж байна.
 
 

Засгийн газар хуралдлаа  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй