
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- - Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
- - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хууль зүйн яам хуулийн төслийн талаар яамдаас санал авч, санал дүгнэлтийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан бөгөөд уг саналыг хууль санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж үзлээ.
- - УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, төсөл санаачлагчид зарим саналыг уламжлахаар тогтлоо.
- - Монгол Улсын Хөгжлийн банк Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Банк хоорондын нийгэмлэгийн “түнш банк”-ны эрх авах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- - Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталж, энэ ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
- - 2015 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилгаа нөхцөлгүйгээр худалдаж, борлуулалтын орлогоор 2015 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвшөөрлөө.
- - Олон улсын байгууллага, гэрээ, конвенцын итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай “Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа.
- - Газрын тосны хайгуулын тухай “Увс I” талбайд Газрын тосны газар болон “Монголиа гладвилл Увс петролиум” ХХК-ийн, “Хэрлэн тохой XXVIII” талбайд Газрын тосны газар болон “Хонгконг Вэллэк индастриал” компанийн хооронд тус тус Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
- - Газрын дор хүхрийн хүчлээр уусган уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралтаар баталж, 2016 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр боллоо.
Засгийн газар хуралдлаа | ||
Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.