Шууд Chart

Даралт ихдэх өвчин үү, шинж тэмдэг үү

2015-04-30 09:41:01

Цусны даралт ихдэх тухай мэдэхгүй хүн ховор. Ялангуяа ахимаг насныхан бол голдуу л даралт нь ихэсдэг учир халаасандаа даралт бууруулах эм авч явдаг шүү дээ. Эрдэмтдийн судалгаагаар зүрх судасны хамгийн элбэг тохиолддог эмгэг нь даралт ихдэх байдаг бөгөөд хавдрын бус шалтгаанаар нас баралтын эхэнд бичигддэг. Дэндүү түгээмэл болохоор ерөнхийдөө хэн хүнгүй дасах маягтай болчихсон өвчин юм. Харин залуувтар хүний даралт ихэдвэл бүгд түргэн авна. Яагаад гэхээр цус харвалт өгч хорвоог орхих, үгүй юм гэхэд хагас дутуу харваж тал сааталтай үлдэх нь элбэг болохоор тэр. Өвчин үүсэх шалтгаан нь янз бүр боловч үндсэндээ судасны уян хатан чанар алдагдан хатуурах /атеросклероз гэнэ/ тул зүрхнээс шахагдсан цус судасны аль нимгэн хэсэгт даралт өгч улмаар хагаран цус харвах хүндрэл өгдөг гэж товч ойлгож болно. Ихэнхдээ ажил, амралтаа зөв зохицуулдаггүй хүмүүс, амин дэм, илчлэг дутуу хоол хүнс удаан хугацаанд хэрэглэх, сэтгэл санааны байнгын дарамтанд байх зэрэг нь даралт ихдэх өвчин үүсгэх нь түлхүү бөгөөд өөх тос их хэрэглэх, шорвогдуу хоол, цайнд дуртай хүмүүс илүү өвчлөмтгий. Даралт ихдэх өвчин удамших нь бий. Урьдчилан сэргийлэх хэлбэр маш олон. Биеэ байнга чийрэгжүүлдэг, ажил амралтаа зөв хослуулдаг, цалин тэтгэвэр нь хүрэлцээтэй, үр хүүхэд, хань ижил нь халамжтай, сэтгэл зовоогоод байдаггүй хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх нь тун ховор.

Гэхдээ даралт ихдэх нь зүрх, судасны төдийгүй элэг, бөөр, мэдрэлийн гээд олон өвчний хүндрэлийн илрэл байдаг болохоор эмчид үзүүлж шалтгааныг зөв оношлуулсны дараа эмчилгээгээ сонгох хэрэгтэй. Зарим хүн даралт ихэдсэн үед архи уувал сайн гэх ташаа ойлголт байдаг. Их буруу. Архи согтууруулах ундаа нь судсыг тэлдэг. Андашгүй шүү дээ. Архи уусан хүмүүсийн бие халуу оргиж, нүүр, хүзүү улайдаг. Судас тэлж байгаа нь тэр. Энэ үйлчилгээ нь тухайн даралт ихэдсэн хэсэгт хуримтлагдсан цусыг түр зуур өөр тийш тараах тул даралт бага зэрэг нь буурах нь бий. Гэхдээ хэсэг хугацааны дараа дахин огцом цус түрэгддэг учир ёстой цус харвалт өгөх аюултай. Даралт ихдэх өвчтэй болоод удаагүй, эсвэл судас хатуурал нь харьцангуй бага тохиолдолд ганц нэг балга архи сайнаар нөлөөлж болох ч маш ховор гэдгийг санаж явах нь зүй. Манай уламжлалт заншилд ч гэсэн айл бүрт заавал байх гурван чухал зүйл гэж байдаг. Тэр нь 2-3 алд сур, самбай хадаг, савтай хорз гэдэг. Аль аль нь үнэхээр хэрэг болдог байж. Тэр үед ямар эмч, түргэн тусламж гэж байсан биш. Бэртэж гэмтээд цус алдлаа гэхэд сураараа чангалуур тавина, самбайг марлийн оронд хэрэглэнэ. Хорзоо спиртийн хордлого авах гээд аль ч тохиолдолд тустай байсан хэрэг. Даралт ихдэх анхны шинж нь толгой өвдөх, эргэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, нүд бүрэлзэх, үе үе манарах, зүрх дэлсэх, судасны цохилт хурдсах, нойронд муудах, бөөлжис цутгах зэрэг байдлаар илэрдэг. Эдгээрийн 2-3 шинж илэрч байвал түргэн дуудсан нь дээр. Даралт хэмжигч байгаа бол өөрөө үз. Хэвийн даралт ихэнх үед 120/80 байдаг. 60-аас дээш насныханд арай их байх нь бий. Энэ хэмжээнээс нэмэгдсэн байвал гэрийн эмийн санд байгаа эмнээсээ даралт бууруулах төрлийг сонгож уух нь анхны тусламж болно. Толгойдоо хүйтэн жин, хөл гарт нь бүлээн жин /тархинд очсон цусыг мөч рүү тараах зорилготой/ тавьж, хагас суугаа байрлалаар хэвтэх хэрэгтэй. Саяхныг хүртэл цус харвалт өгсөн хүнийг байгаа газарт нь хөдөлгөөнгүй орхихыг чухалчилдаг байлаа. Одоо бол зохих эмчилгээ хийгээд яаралтай хамгийн ойр эмнэлэгт хүргэдэг болсон. Ер нь 50-иас дээш насныхан судас хатуурлаас сэргийлэхийн тулд амин дэмүүд, тэр дотроо А болон Е амин дэм тогтмол уух нь үр дүнтэй. Тэрчлэн байнга уухаар үйлдвэрлэгдсэн аспирин өдөрт нэгийг уугаад явахад гэмгүй. Хамгийн гол нь сайн хоол хүнс хэрэглэж, сэтгэл санаагаа тайван тогтвортой байхыг эрхэмлэх нь зөв.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос   


Даралт ихдэх өвчин үү, шинж тэмдэг үү  
Үзсэн: 3166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй