
Мэдрэлийн тогтолцооны нөлөөгөөр хүний биед зайлшгүй хэрэгцээтэй шүүрэл ялгаруулдаг эрхтнийг дотоод шүүрлийн булчирхай хэмээн ерөнхийд нь ойлгож болно. Ямар нэг өвчин эмгэгийн үед цочин томордог булчирхай бол тунгалагийн булчирхай. Харин шүүрэл ялгаруулагч булчирхайнууд биеийн тодорхой хэсгүүдэд байрладаг ба шүүрэл нь шууд цусанд орж биеэр тархан шаардлагатай хэрэгцээг зохицуулдаг юм. Шүүрлийн ялгарах хугацаа болон хэмжээг хүний тархи удирддаг. Өөрөөр хэлбэл, мэдрэл, булчирхай хоёр харилцан хамааралтай ажилладаг гэсэн үг. Энэ зохицолгоо алдагдвал булчирхайнаас ялгардаг шүүрэл нэмэгдэх, дутагдах, эсвэл огт ялгарахаа больж, шүүрлийн нөлөөллөөр зохицогдож байдаг биеийн хэвийн үйл ажиллагаа тасалдах ба өвчин эмгэг үүсдэг. Жишээ нь, бамбай булчирхай томорч иод дутагдах, инсулин дутагдаж чихрийн шижин үүсэх гэх мэт. Ийм онцгой ач холбогдолтой булчирхайнуудыг өнчин тархи, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч, төмсөг, боргоцой булчирхай, харааны доод төвгөр булчирхай буюу гипофиз хэмээн нэрлэдэг. Анагаах ухаанд булчирхайнуудыг судлах тусгай салбар байдаг. Эндокринологи гэх ба ийм мэргэжлийн эмчийг дотоод шүүрлийн булчирхайн эмч хэмээнэ. Дээрх булчирхайн эх үүсвэр хүүхэд олдсон үеэс хойш 2-3 сартайд нь тавигддаг. Ийнхүү хүүхдийн өсөлт хөгжилтөөс эхлээд цаашид бүхий л амьдралын туршид ялгарсан даавар буюу шүүрэл нь эрүүл байх гол үндэс суурь болдог юм. Эрдэмтэд хүний биеэс эдгээр дааврыг шууд болон нийлэгшүүлсэн байдлаар бэлтгэн авч эм, тариа болгон хэрэглэдэг. Жирэмслэлтээс сэргийлэх, харшлаас хамгаалах, эмчлэх, гүн хордлогоос аврах, хорт хавдрын эсрэг гээд маш олон хүнд өвчин туссан хүмүүст даавар эмчилгээг дангаар нь болон бусад эмүүдтэй хавсран хэрэглэсээр буй. Бидний сайн мэдэх преднизолон, инсулин, тестостерон, гидрокортизон гэхчлэн бэлдмэлүүд нь ийм төрөлд хамаардаг.
Булчирхай болгон хүний биеийн аль нэг чухал эрхтний дэргэд байрлах бөгөөд уг эрхтэнтэйгээ харилцан хамааралтай ажилладаг гэж ойлгож болно. Жишээ нь, өнчин тархи хүний тархины суурь хэсэгт тусгай хонхорт байрлана. Түүнээс ялгардаг шүүрэл бусад шүүрлийг зохицуулах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Боргоцой булчирхай нэлээд хожуу нээгдсэн бөгөөд тархины дунд, доод хэсэгт байрлана. Бие махбодийн биологийн хэмнэлийг зохицуулдаг. Бамбай булчирхай хүзүүний өмнө хэсэгт байрладаг, иодын солилцоог зохицуулна. Бөөрний дээд булчирхай нь хоёр бөөрний дээд талд наалдсан байдалтай байрладаг. Инсулины хэт ялгарахаас сэргийлэн зохицуулдаг. Тэрчлэн энэ булчирхайнаас ялгарах кортизон, гидрокортикон нь уураг, уух тосны солилцоог зохицуулна. Бас нөхөн үржихүйг зохицуулах даавар ч мөн энэ булчирхайнаас ялгардаг. Бэлгийн булчирхай гэдэгт эрэгтэй хүний төмсөг, эмэгтэй хүний өндгөвч орно. Төмсөгт эр бэлгийн эс боловсордог бол өндгөвчинд эр бэлгийн эсийг хүлээн авч нэгдэх чадвартай өндгөн эс боловсордог. Өндгөн эс сард нэг удаа боловсорч гүйцээд гадагш гарах бөгөөд үүнийг сарын тэмдэг гэдэг. Нойр булчирхай нь 12 хуруу гэдэсний махиад байрладаг. Хүний биед хэрэгцээтэй глюкоз буюу сахарын зохицуулагч гэж ойлгож болно. Энэ зохицуулалт алдагдсанаас цусанд сахар нэмэгддэг юм. Сэрээ булчирхай нь өвчүүний ар талд орчим бамбай булчирхайн доод талд байрлана. Энэ булчирхайн үйл ажиллагааг мөн л хожуувтар нээсэн байдаг. Уг булчирхайнаас ялгарах даавар нь хүний биеийн дархлааг зохицуулдаг. Ийнхүү булчирхай болгон өөр өөр даавар ялгаруулдаг ч бүгд бүрэн бүтэн ажиллаж байж харилцан уялдаатай бие биенээ тэтгэн оршдог гэж үздэг юм.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Дотоод шүүрлийн булчирхайнууд | ||
Үзсэн: 33327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.